Аваргууд өмсгөлөө дуудлагаар худалдана


Хүнд өвчний улмаас энэлэн шаналж буй Б.Танан охинд туслахаар Монголын жүдочдын бахархал болсон, олимп, дэлхийн аваргууд нэгджээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр болон Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар тус тусын жүдогийн өмсгөлөө дуудлагаар худалдаж, олсон орлогыг бяцхан охины эмчилгээнд зориулахаар шийджээ. Тэд энэ тухайгаа Facebook хуудсаараа дамжуулан мэдэгдэж, цахим хүрээнд үнийн санал хүлээн авах гэнэ. Дуудлага худалдааны анхны үнэ нэг сая төгрөг юм байна. 

Х.Цагаанбаатар Facebook хуудсандаа:

"Олон сайхан амжилтуудыг минь авчирсан энэ кимоногоо Facebook, Twitter-ээр дуудлага худалдаагаар худалдаж, мөнгийг Б.Танан охинд хандивлахаар шийдлээ. Дуудлага худалдааны анхны үнэ нэг сая төгрөгөөс эхлэж байна. Манайхаан саналаа өгөөд байгаарай" хэмээн бичжээ. 












Харин Н.Түвшинбаяр:

“Танан охины эмчилгээнд зориулж энэ кимоногоо дуудлага худалдаанд орууллаа. Дуудах эхний үнэ нэг сая төгрөг” гэсэн байна.