Н.Удвал Японы “Никкей” сонинд ярилцлага өглөө


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвал  Японы эдийн засаг, улс төрийн   өдөр тутмын  Никкей”  сонинд ярилцлага өглөө.    Тус сонины сурвалжлагчид Бээжингээр дамжин Монголд  ирсэн бөгөөд  МАХН-аас нэр дэвшигчээс ярилцлага авах хүсэлтээ албан ёсоор тавьсныг Нацагийн Удвал хүлээн авсан байна. Ярилцлагыг орчуулан хүргэж байна.

 

  • Юуны өмнө нөр их ажлын үеэр цаг зав гарган  бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгсөн танд их баярлалаа. Манай сонин   3 сая гаруй уншигчтай, Японы улс төр,  эдийн засгийн өдөр тутмын сонин юм.  Ингээд ярилцлагаа эхлүүлье?
  •  

Хол замыг туулан манай улсыг зорьж ирээд байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Та бүхэн аян замдаа сайн явж ирэв үү.

 

  • Бид Бээжингээр дамжин танай улсад ирлээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчид анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа гэдэг утгаараа танай улсад өрнөж буй сонгуулийн үйл явц Японд ч гэсэн анхаарлын төвд байна. Цаашид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, жендерийн асуудалд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Таны хувьд энэ сонгуульд ялалт байгуулвал хамгийн түрүүнд ямар өөрчлөлт хийхийг зорьж байна?
  •  

Энэ сонгууль их сонирхолтой, содон болж байна. Яагаад гэвэл, анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа учраас иргэд, сонгогчид  ихээхэн сонирхож хүлээж авч байна. Би эх хүний хувьд миний мөрийн хөтөлбөрт монгол хүнээ төрийн бодлогын хамгийн үнэт зүйл болгож тавьж байгаагаараа бусад нэр дэвшигчдээсээ ялгаатай байгаа. Сүүлийн хэдэн жил манай эрэгтэй улстөрчид Оюутолгой, Тавантолгой, зам барилга, төмөр зам зэрэг эдийн засгийн асуудал их ярьж, эдийн зсаг өсч байна хэмээн баярлаж байгаа ч тэр өсөлт нь монгол хүндээ, монгол гэр бүл, айл өрхөд наалдахгүй байна. Тиймээс бид эдийн засгийн өсөлт монгол хүндээ, монгол гэр бүлд очдог болох ёстой гэж үзсэн. Ийм учраас төрийн бодлогын төвд монгол  хүнээ тавья. Төрийн бодлого монгол хүн рүүгээ чиглэх ёстой гэж үзсэн. Ажилгүй иргэдээ ажилтай болгоно, ядуурлыг бууруулна, сайн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын тогтолцоог бүрдүүлэх замаар монголчуудынхаа аюулгүй байдлыг хамгаалъя, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг хангая. Монгол Улсад мөн авлига гэж аюултай зүйл  бий. Үүнийг улс төрийн авлигатай тэмцэх замаар зогсооно гэж үзэж байгаа. Архидалт гэж айхтар асуудал байдаг. Энэ  асуудлыг айл өрхийн амьдралын хэвшлээс өөрчилнө, нийгэмд шударга ёсыг тогтооно гэх мэтчилэн хүндээ чиглэсэн, хүн болгонд хүртээлтэй, хүртээмжтэй, үр өгөөжтэй ийм асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн байгаа.

 

  • Өнөөг хүртэл Монгол Улс эдийн засаг нь өсөлттэй явж байгаа ч нийгэм, эрүүл мэндийн салбараа орхигдуулаад байна гэсэн үг үү?
  •  

Сүүлийн жилүүдэд  ардчилал гэдэг гоё нэрийн дор хөрөнгө, мөнгөнд суурилсан үнэт зүйл, хөрөнгөтний маягийн нийгэм рүү манай улс явж байгаа гэж би үздэг. Тиймээс нийгмийн нэлээд хэсэг нь, хүн амын олонхи нь амьдралын төвшин доогуур, ядуу зүдүү амьдарч байна.

 

  • Монгол Улс ашигт малтмалын арвин их баялагтай. Түүнээсээ олсон хөрөнгөө нийгмийнхээ аль салбарт илүүтэй зарцуулаасай гэж та бодож байна?
  •  

Байгалийн баялаг үнэхээр  ихтэй. Үүгээрээ дэлхийд тэргүүн байрт орох  улс орон атлаа ард түмэн  нь ингэж ядуу зүдүү амьдарч болохгүй л дээ. Ард иргэдэд ажлын байр байхгүй байна, эрүүл мэнд нь доройтсон бараг  хүн болгон  ямар нэгэн өвчтэй байна. Боловсролын салбар чанаргүй байна гэхчлэн олон асуудлыг сайжруулахад чиглэх ёстой. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, залуучуудаа зөв төлөвшүүлэх асуудал руу байгалийн баялгаасаа олсон хөрөнгөө шилжүүлэх ёстой. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай байх нь  гол биш. Олон эх үүсвэрээс хамаардаг, олон салбараас бүрддэг эдийн засгийн өсөлт байх юм бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж өгнө гэж үзэж байна. Зах зээл дээрх эрдэс баялгийн хэлбэлзлээс үүдээд   тогтворгүй болох, ганц эх үүсвэрээс хамаарах нь  эрсдэлтэй эдийн засаг болно.

 

  • Монголд хөрөнгө оруулахсан гэсэн хувийн хэвшлийнхэн Японд цөөнгүй байдаг. Улс төрийн хувьд тогтворгүй, эрх баригчид амархан солигддог   байдлаас  нь болж тэр болгон зоригтой алхам хийдэггүй. Энэ байдлаас гарахын тулд яах ёстой вэ. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
  •  

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг эргэж харах ёстой. Жишээ нь, нэг компани Монгол Улсын Засгийн газартай гэрээ хийдэг нь буруу. Хэрэв Японы томоохон хөрөнгө оруулалт орж ирэхээр бол Засгийн газар хооронд гэрээ байгуулж ямар салбарт хөрөнгө оруулалт хийх вэ, аль салбарт харилцан хамтарч ажиллах вэ гэдгийг эхний ээлжинд шийдэх замаар явах ёстой. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулалтыг би бүрэн дэмждэг . Тэр хөрөнгө оруулалт хоёр талдаа ашигтай, хууль дүрмийг сахидаг, үйл ажиллагаа нь ил тод байдаг, байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай байх ёстой. Ийм хөрөнгө оруулалтыг  улс төрчийн хувьд дэмжинэ гэсэн байр суурьтай байдаг.

 

  • Одоо монголд хэрэгжиж буй төсөл, хөрөнгө оруулалтуудын зардал нь  нэг байж байгаад гурав болох юм уу,  ийм байдлаар нэмэгдээд  байдаг. Тэгэхээр таны ярьж буй ил тод байдал, хариуцлагатай байдал одооноос яригдаж байх шиг байна?
  •  

Ялангуяа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болвол энэ байдал эхнээсээ шийдэгдэж, анхнаасаа дүрмээ сайн тохирчихоор үл итгэлцэл  дахин гарахгүй болно. 

 

  • Өнгөрсөн жил батлагдсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд тодорхой хувь заасан байдаг. Үүн дээр өөрчлөхсөн гэсэн бодож байгаа хэсэг байна уу?
  •  

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хамгийн гол нь миний түрүүний хэлсэн зарчмуудыг тусгасан байх ёстой. Хөрөнгө оруулалтын хувь хэмжээ  гол нь улс  компанитай шууд гэрээ байгуулахгүй. Мөн үндэсний компаниудыг оруулах хэрэгтэй гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Ингээд үндэсний компаниуд  нь  уул уурхайгаа ашигладаг, хөрөнгө оруулагчид нь гадаадын компани байж болно. Ингэж чадвал одоогийн гараад буй маргаан, зөрчил  алга болж асуудал нэг мөр шийдэгдэнэ.

 

  • Хятад улс Монголын байгалийн баялагийн салбарыг ихээхэн сонирхдог. Энэ талд та ямар байр суурьтай байдаг вэ?
  •  

Би Орос, Хятад, Япон гэж ялгахгүйгээр  хөрөнгө оруулалтын гэрээг  Засгийн газар хооронд хийх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Монголын Засгийн газар нэг компанитай гэрээ хийх нь  өөрөө гадаад харилцааны тэнцвэргүй байдлыг бий болгоно.  Ёс үшйн хувьд ч буруу асуудал. Тиймээс Хятадын компани манай улсад хөрөнгө оруулахаар бол Засгийн газар хооронд  гэрээ хийж хоёр улсын  харилцааны төвшинд асуудлыг ярих ёстой.

 

  • Өнгөрсөн гуравдугаар сард манай улсан Ерөнхий сайд Шинзо Абэ  монголд ирээд буцсан. Монгол-Японы цаашдын харилцааны талаар та бодолтой явдаг вэ?
  •  

Би хоёр орны найрсаг харилцааг дэмждэг. Миний бие Англи улсын Манчестрийн их сургуульд мастерийн зэргээ  Дэлхийн банк ,Япон улсын хамтарсан хөтөлбөрийн зардлаар  хамгаалсан. Тиймээс  монголчуудад тусламжийн гараа сунгаж байдаг Японы ард түмэнд хүндэтгэлтэй ханддаг.

 

  • Сонгуулийн нөр их ажлын дундуур цаг зав гарган  бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Танд амжилт хүсье.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
11 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

14 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

14 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

14 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

14 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

15 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

16 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна