Н.Удвалын өвөрт шонхор орчихжээ


Н.Удвалын хөрөг нэвтрүүлэг өчигдөр телевизийн бүх сувгаар гарлаа. Түүнээс үлдсэн яриа хөөрөө амнаас ам, айлаас айлд дамжиж байна. Ихэнх нь нэр дэвшигч юу ярьсан бэ гэдгээс илүү шонхор шувууны тухай л  шуугиад байх юм. Нэвтрүүлэг эхлэхэд Н.Удвал машинаас буугаад Гачуурт дахь аав, ээжийнхээ гэрт орохоор алхаж байгаа харагдсан. Гэтэл урдуур нь  шувуу нисээд өнгөрөхийг, бас болоогүй ээ тэр нь шонхор шувуу байсныг  гярхай  үзэгчид олоод харчихаж.   Ингээд  бас нэг  ярих  юмтай болж,  Н.Удвалын өвөрт шонхор орчихсон, шонхор нь  болбоос... гээд л үргэлжүүлж байна. Ажиггүй зарим нь телевизийн нэвтрүүлгийг буцаан дахин үзэж, нээрээ нэр дэвшигчийн өмнүүр шонхор шувуу ниссэн байна ш дээ, өө бүр зөв тал руу нь дээлийнх нь өвөр зүгт ниссэн байх чинь, энэ чинь ямар дохио вэ гэж ирээд л янз бүрээр тайлбарлаж эхэлжээ.

 

Ямар ч байсан  шонхор шувууг монголчууд Хүннүгийн үеэс    сүлд шүтээнээ болгон дээдэлж ирсэн түүхтэй. Төв Азийн нүүдэлчин угсаатнуудын зарим шүтээнийг дурдахад Хүннү, Түрэг, Монгол, Уйгуруудын дунд чоно, үнэг, шонхор шувууны шүтлэг нийтлэг байв. Өнөөдөр бид Монголчуудын шүтээн нь цагаан шонхор шувуу гэж үздэг. Тэр дотроо  тодотгож ойлгууштай  нь зарим ноёлох овог аймгийн тухайлбал, эртний угсаат Хиад, Боржгин аймгийн гол шүтээн байжээ.

 

        Тэгэхээр Монгол Улсын төрийн тэргүүний сонгуульд  нэр дэвшигчийн урдуур, бүр  энгэр зөв тал руу нь шонхор шувуу нисэн өнгөрсөн нь ямар хэлэмж, юуг дохиолсон шинж  тэмдэг  юм бол гэж хэн хүнгүй гайхан сонирхох нь зүйн хэрэг байж таарах нь. Н.Удвалын хувьд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрж, өссөн, аав ээж нь тэр нутгийн  уугуул. Эрдэнэмандал сум нь шонхор шувууг сүлдээ болгосон хиад боржигоныхны гал голомтоо бадраасан өлгий нутаг хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.