-МАХН-аас нэр дэвшигч Төв аймагт ажиллалаа –
Ч.Зотол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр Төв аймагт ажиллав. Түүнтэй хамт МАХН-ын Бага хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар явсан юм. Эмэгтэй хүн анх удаа төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж байгаад Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат тэргүүтэй төлөөлөгчид баяр хүргэн амжилт хүсч, ёслол, хүндэтгэлийн өргөөндөө хүлээн авч хадаг сүү барин угтлаа. Н.Удвал Монгол төрийн хугараагүй ноён нуруу Ж.Самбуу агсны дурсгалыг хүндэтгэж, түүний төрсөн нутагт сонгуулийн сурталчилгааны ажлаа хийхээр ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Төв аймгийн иргэд МАХН-ыг анх байгуулагдсан цагаас дэмжиж ирсэн. Тус намын хөдөө орон нутаг дахь анхны зуут, мянгат Төв аймгийн Цээл суманд байгуулагдахад Н.Удвал өөрийн биеэр очиж анхны хурлыг нь удирдаж, гишүүний батлахыг нь гардуулж байв. Тиймээс түүний мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдээ сонсох уулзалтыг зорьж ирсэн хүмүүс Монгол туургатан театрын танхимд багтахгүй шахам байлаа. Төв аймгийн МАХН-ын хорооны дарга, Цээл суманд анхны мянгат байгуулсан Н.Ганбат, дэд дарга Х.Түвшинсанаа нар “Төв аймгийнхан эмэгтэй хүн төрийг уран ухаанаар удирдахын зэрэгцээ илүү хариуцлагатай байна гэдэгт итгэж байгаа. Тэр цаг ирсэн гэдэгт санал нэгтэй дэмжиж байна” хэмээн ярьж байна. Харин уулзалтыг нээж үг хэлсэн МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва “Бид нам дотроосоо шударга үнэний төлөө тууштай тэмцэгч, төрийг удирдаж авч явахад боловсрол мэдлэгээр хэнээс ч дутахгүй лидер эмэгтэй Н.Удвалыгаа нэр дэвшүүлж, сонгогч танаа илгээсэн. Та бүхэн итгээрэй, дэмжээрэй” гэсэн юм.
Н.Удвал Төв аймгийн бэр, түүний хоёр хүүгийн аав тус аймгийн Өнжүүл сумын хүн байв. Тиймээс сэтгэлд нь ойр байдаг нь мэдээж. Нөгөөтэйгүүр, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсныг төрүүлсэн өлгий нутаг. Түүхэнд том үүрэг гүйцэтгэсэн их хүний нутагт зорьж очсон, иргэд ч хэзээ ирэхийг нь хүлээсэн. Мөн улс орноо өнөө цагт нүүрлэсэн таван аюулаас аврах, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монгол хүнээ төрийн бодлогын цөм нь болгох зорилт дэвшүүлсэн “Таван бодлого-таван зорилт” мөрийн хөтөлбөрийг нь сонсохыг хүсч байсан хэмээн ярьж байлаа. Тэдний төлөөлөл Монгол Улсын тод манлай уяач Ц.Хэнмэдэх гуайн сэтгэгдлийг сонирхлоо.
-Та сайхан зусч байна уу. Танай нутгаар зуншлага ямар байна?
-Сайхан зун болж байна. Манай нутаг энэ жил сайхан байна аа. Саяхнаас хур бороо ороод газар чийгтэй боллоо. Хөдөө явж малаа эргээд, адуундаа очоод ирлээ.
-Танайх хаагуур нутаглаж байна?
-Аймгаас урагшаа Баянчулуутаар л байна даа.
-Хэдийнээс морио уяж наадамдаа бэлдэх вэ?
-Энэ жил наадам нэлээд хойгуур байх төлөвтэй. Манай аймгийн 90 жилийн ой долдугаар сарын сүлчээр болно. Наана нь улсын баяр наадам байна. Зургадугаар сар гаргаад морио барина даа.
-Энэ жил олон аймгийн ойн баяртай, мөн тав дахь Ерөнхийлөгчөө сонгох сонгууль жил. Эмэгтэй хүн нэр дэвшсэн их онцлог жил байх болов уу. Та юу гэж бодож байна?
-Таван аймгийн 90 жилийн ой зэрэгцсэн, мөн тав дахь Ерөнхийлөгчөө сонгох жил юм. Монголчуудын өмнө өндөр хариуцлага ирж байна. Өэлүн эх, Мандухай сэцэн хатан гээд эмэгтэй хүн төр барьсан түүхтэй. Сүүлийн үед ардчиллын буянаар эмэгтэйчүүд эрх тэгш болж дэлхий даяар тэдний үүрэг хариуцлага өндөр болсон. Дэлхийн том улсууд эмэгтэй хүнээр төр бариулж байна шүү дээ. Хаа хаанаа эмэгтэй хүн төр барих цаг ирж байна. МАХН-аас эмэгтэй хүн, эрдэмтэн хүн, хүн ардаа эмчлэх тангараг өргөсөн эмч хүн нэр дэвшсэн нь манай нийт эмэгтэйчүүдийн салхийг хагалсан үйл явдал юм. Цаашид төр барилцах, төр түшилцэх уран ухаантай, ган төмөр шиг бат, галын дөл шиг өөдөө хийморьтой бүсгүйчүүд олон төрөөсэй гэж бодож сууна.
-Улс төрчийнх нь хувьд та эмэгтэй нэр дэвшигчийг хэрхэн дүгнэж байна?
-Зоримог дайчин эмэгтэй гэдгийг нь ганц би биш монголчууд бүгдээрээ харсан, мэдсэн байх аа. Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд анхаарч ард иргэдээ энэрч, хүн төвтэй Монгол Улсыг удирдаж, тунгалаг төрийн жолоо атгах хүн гэдэгт итгэж дэмжиж байгаа.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна