**Шатахуун ба дэлхий дахин**

Moderator
9 цаг 27 минутын өмнө

2026 оны 10 дугаар сарын 2
 
*Нэг. Гэрэл харагдна уу?*
Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа ололцсон зүйл үгүй. Бүр нэмж цэрэг илгээсэн шигээ сууж байна. Ормузын хоолой, Улаан тэнгис зэрэг газрын тос тээвэрлэлтийн гол зам “нарийнтсан” хэвээр. Бүр ч дордож магадгүй өнгөтэй.
Путиных ч ялгаагүй. Оросод байдал илүү дордоогүй боловч мөн дээрдээгүй. Өөрсдийгөө яая гэсэн янзаараа байна.
Дэлхий яг л хэвээрээ шатахуунаар цангаж, үнийн өсөлтийг хараал суухаас өөрийг хийж эс чадаж байна.

*Хоёр. Муу дээр муухай*
Муухай дээр улцан гэгчээр хятадууд өөрсдийгөө бодьё гээд 10 дугаар сард газрын тосны бүтээгдэхүүний экспортыг Хонконг, Макаогоос бусад чиглэлд түр зогсоочихлоо. Нэмэлт дарамт!

АНУ-д дизель түлшний үнэ галзуурлаа. Дизелийн экспортоо больё оо хэмээн дорвитой ярьж эхлэв.** **Хэрэв Франц, Герман хоёр стратегийн дизелийн нөөцөөсөө гаргахгүй бол АНУ ярьж байгаагаа хийнэ гэлээ.

Саудын Араб ч эвгүй байна. Гол эх үүсвэр болсон энэ улсад гарсан өнгөрсөн сарын халдлага арай ч “халдагыг нь хагалчихаагүй”. East-West нефтийн хоолой нь тагларсан. 10-р сар гарсаар дахин ажиллаж эхэлсэн ч жигдэртлээ удах төлөвтэй.

Орос ч дизелийнхээ хоригийг сунгаатахлаа. Дизель, онгоцны түлшийг 2026 оны 10 дугаар сарын 31 хүртэл,** **автобензинийг 2027 оны 1 дүгээр сарын 31 хүртэл гаргахгүй. “Даллага авахуулсан айл” шиг л байна. Оросын зарим мужуудад манайхаас ч дор байдал үүссэн.

*Гурав. Үнийн “гозойлт”*
Үнэ хаа сайгүй л гозойж байна. Хятадууд 2026 оны 9 дүгээр сарын 24-ний 24:00 цагаас бензин, дизелийнхээ үнийг нэмлээ. Тухайлбал тонн тутамд бензин 395 юань, дизель 385 юаниар тус тус нэмэгджээ.
++ ++
ОХУ-д оны эхэнтэй харьцуулахад бензиний дундаж үнэ 21.1%-иар, АИ-92 бензин 21.4%-иар, АИ-95 бензин 21.2%-иар, дизель түлш 14.0%-иар тус тус өсчээ.
 
*Гурав. Улсууд яаж “аргалж” байна?*
Улс орнууд янз бүрийн арга чарга хэрэглэж байгаа аж.
Ер нь хүндрэл манайхаас гадна ОХУ, Зүүн өмнөд Азийн зарим орныг хамарч байгаа. Тэгээд шатахуунаа хэмнэе, шаардлагагүй хэрэглээгээ больцгооё гэж уриалж байна. Төрөөс нийтийн тээврийг дэмжих, нөөцлөх зэрэг арга хэмжээ авчээ.
Олон улсын эрчим хүчний агентлаг өнгөрсөн 3 дугаар сард гаргасан тайландаа энэ шокын үед бүх хэрэглэгчийн эрэлтийг богино хугацаанд бууруулах 10 арга хэмжээг зөвлөжээ. Энэ нь төр өөрөө хэрэглээгээ бууруулахаас эхлээд дараах улс орнуулдын хэрэгжүүлж буй аргууд багтсан. Тухайлбал:
Филиппин, Индонез, Египет Узбекистан, Тайланд, Пакистан, Шри Ланка, Бангладеш, Лаос, Герман, Солонгос, Япон зэрэг орнуудад машин унахыг цөөлөх, цахилгаан машин хэрэглэх, автомашингүй өдөртэй болох, тэгш сондгой дугаар сөөлжлөх, томилолтуудыг эрс багасгах, гэрээс ажиллах, нийтийн тээврээр явах хөнгөлөлт үзүүлэх, машинтай хэт хурдлахгүй байхыг зөвлөх гэх мэт арга хэмжээг авчээ.
Өмнөд америкийн орнуудад хэмнэлттэй жолоодлогын сургалтууд эхэлжээ.

*Дөрөв. Нөгөө л сав ба сааль *
Вьетнам, Филиппин, Энэтхэг, Өмнөд Африк, БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсад шатахууны стратегийн нөөцийг шинээр бүрдүүлэх, нэмэгдүүлэх, тогтолцоогоо бэхжүүлэх арга хэмжээ авч байна. Харин монголчууд шинэ Засгийн газрын үеэс л эхлэн үүнийг “анзаарч**”, **оройхон гараад ширүүхэн дарч буй.
 
За тэгээд байдал нэгэнт ийм байхад “бензин өг” гэсэн жагсаал зохион байгуулсан нь өөрсдийгөө жаахан доошоо хийсэн явдал боллоо. Ер нь цаашдаа хэмнээд, дээр дурдсан улсуудын туршлагаас өөрсдийн амьдралд тохирохыг нь сонгож нэвтрүүлээд, компаниуд нь аятайхан шиг ажиллаад, иргэд нь “ойлгоод”, төр нь нөөцийн саваа хийж, импортын эх үүсвэрээ нэмээд хэсэг явчихад юм сайжрах байлгүй дээ эрхбиш. Бүх л юм цаг хугацаатай шүү дээ.
* *

* *


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна