Эрхэм хүндэт ард иргэд ээ
Эртний төрт ёс, өвөг дээдсийн өв соёл, эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Монголынхоо нийт ард иргэд, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүд, эх оронд маань айлчлан ирсэн эрхэм хүндэт зочид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Монгол наадам бол төрт ёсоо дээдэлж, түүх соёлоороо бахархахын зэрэгцээ ирээдүйдээ итгэх итгэл, эх орноо хөгжүүлэх эрмэлзэл, монгол хүн бүрийн хийморь золбоо, эв нэгдлийг сэргээдэг дэлхийд хосгүй гайхамшигт баяр билээ.
Улиран өнгөрч буй хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурал иргэдийнхээ эрх ашиг, улс орны хөгжлийг эрхэмлэсэн олон чухал хууль, бодлогын шийдвэрийг баталж, иргэнээ сонсдог, хүн төвтэй, таны оролцоо, таны хяналтыг бодит болгосон НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ-ын шинэчлэлийг бодит ажил болгон эхлүүллээ.
Иргэдийн амьдралд бодит үр өгөөж авчрах татвар, нийгмийн хамгаалал, гэр бүл, эрүүл мэнд, эдийн засгийн эрх чөлөө, төрийн засаглалын шинэчлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтын хүч, зөвшилцлийн үр дүн гарсныг онцлон тэмдэглэж байна.
Улсын Их Хурлын баталсан хууль бүхэн цаасан дээр үлдэх бус, иргэн бүрийн амьдралд бодит өөрчлөлт авчирч, айл өрхийн амьжиргаа, бизнесийн орчин, улс орны хөгжилд үр өгөөжөө өгөх нь хамгийн чухал билээ. Энэ зорилгын төлөө төр, иргэн, хувийн хэвшил хамтын хариуцлага, харилцан итгэл дээр тулгуурлан нэгдэн ажиллах учиртай.
Эрхэм иргэд ээ,
Хүндэт наадамчид аа.
Өнөө жилийн үндэсний их баяр наадам монгол хүн бүхэнд шинэ эрч хүч, шинэ итгэл, шинэ үйлс бүтээлийн урам зориг хайрлаж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилго, нэгэн сэтгэлээр хамтдаа урагшлахыг билэгдэн ерөөе.
Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, хүчит бөхчүүдийн уран дэвээ, хурдан морьдын эрчит төвөргөөн, цэц мэргэн харваачдын уухай, хүүхэд багачуудын гийнгоон дуу монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай.
Монгол Улс маань хөгжин дэвшиж, төр нь төвшин, иргэд нь эв нэгдэлтэй, айл өрх бүхэн аз жаргал, элбэг хангалуун амьдралтай байж, ирээдүй хойч үеийн маань зам мөр үргэлж гэрэлтэй байх болтугай.
Дэнж хотойтол сайхан наадаж, дэлгэр сайхан зусахыг хүсэн ерөөе!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
САНДАГИЙН БЯМБАЦОГТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна