ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилсон томилгоо өнөөдөр Ерөнхий сайдын эсрэг УИХ-ын гишүүдийг гарын үсэг цуглуулахад хүргээд байна

Moderator
2025/10/01

Өчигдөр сүр дуулиантайгаар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилсон томилгоо өнөөдөр Ерөнхий сайдын эсрэг УИХ-ын гишүүдийг гарын үсэг цуглуулахад хүргээд байна.

Бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилох эрхтэй. Гэхдээ Үндсэн хуульд заасны дагуу УИХ болон Ерөнхийлөгчид эхлээд танилцуулах ёстой байсан юм. Өчигдөр орой Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулсан хэмээн мэдэгдсэн. Яг үнэндээ Ерөнхийлөгч түүнтэй уулзсан эсэх нь нууц байна. Хэдийгээр МАН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч У.Хүрэлсүх үүсээд байгаа намын доторх зодооноос хол байгаа. Ялангуяа УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын МАН-ын даргын өрсөлдөөнд Бага хурлын гишүүдийн олонхийн сонголтыг хүндэтгэнэ гэдгээ У.Хүрэлсүх хэлсэн гэх мэдээлэл намынхан дунд тарсан. Ийм үед ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, ухаанаа алдсан Г.Занданшатарын эрх мэдлээ илт ашиглан хийсэн “өш хонзонгийн” томилгоотой танилцах нь юу л бол. Хэрэв танилцсан бол хувь хүнийхээ хувьд “шанаадаад” гаргасан байхыг ч үгүйсгэх аргагүй.
Харин өнөөдөр ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилуулах албан бичгээ УИХ-д хүргүүллээ. Үүнтэй зэрэгцээ шахуу Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын гишүүдийн гарын үсэг нийт гишүүдийн 3/2 буюу 42-т хүрэх магадлал өндөр байгаа.

Төрийн ордны мэдээллээр Г.Занданшатар улс төрийн өрсөлдөгчөө “яллаж” унагахын тулд ХЗДХ-ийн сайдыг шинээр томилж, хууль хүчний бүх хүчийг дайчилж буй нь улстөрчийн хувьд байж боломгүй, хувь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, үндэсний эв нэгдлийг хангах зэрэг Үндсэн хуулийн үнэт зүйлсийг зөрчсөн хэмээн УИХ-ын гишүүдийн олонхи нь санал нэгдсэн бололтой. 

Тиймээс ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй эрх мэдэл, хуулийн хүчээр өрсөлдөгчөө дарж авах гэсэн Ерөнхий сайдын “өш хонзонгийн” томилгоо өөрийг нь тонгорч унагах нь тодорхой боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна