Төрийн байгууллагын ажилтнууд үйлчилгээний гэж нэрлээд хэн дуртай нь загнадаг тогтолцоо бий болоод удаж байна.
Уг нь төрийн аль ч шатны байгууллагын ажилтан чинь хүн юм шүү гэдгийг хэнбугай нь ч ойлгох ёстой. Атал “нохойд барьдаг мод” шиг бухимдсан болгоны уурыг гаргаж, бусдын адил ажил хийж байгаагийнхаа ач тусыг хүртэж чадахгүйдээ хүрэх нь.
Цаадуулыг чинь эхлээд жилдээ ганц удаа амралт, сувилалд эмчлүүлж, амардаг байсныг хассан. Ахиулаад бас баяр, ёслолын үеийн бэлэг, сэлтүүдийг нь хассан. Байгууллага дундаа зохион байгуулдаг уралдаан, тэмцээний хөрөнгө мөнгийг нь хасуулж байна.
Хамгийн сүүлд цагаан сарын баярын дараа ажил цугламагц байгууллага дотроо золголоо гэж загнасан. Гэтэл одоо бүр Дундговь аймгийн төрийн албан хаагчдыг малчны хот руу илгээхээр боллоо гэж байх юм.
Уг нь төрийн албаныхан чинь өргөсөн тангарагтай, өөрсдөө хийх үндсэн ажилтай хүмүүс. Тийм байтал бүх зүйлд “дайчилна”.
Үүнийг бид өнгөрсөн удаад Ковид цар тахлын үед нийтээрээ харсан. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, цагдаагийн байгууллагынхан, эцэст нь төрийн албан хаагчид тэргүүн эгнээнд ажилласан. Бас ковидын халдвар авсан.
Гэсэн ч тэд ажилласаар байсан. Мэдээж тухайн үед цалинг нь тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж өгсөн ч ковидын дараах урхгийг нь зүгээр л орхичихсон.
Яг үүнтэй адил төрийн нэртэй байгууллагад ажиллагсад аливаад тэргүүн эгнээнд ажилладаг ч бусдаас давуу байтугай ижил эрх ч эдэлж чадахгүй яваа.
Уг нь төрийн албанд ажиллаж байгаа ч тэр “нөхөр” чинь та бидний л адил хүн. Гэтэл төрийн албаны аль нэг салбар, төртэй холбоотой байгууллагад л ажилладаг бол амарч, зугаалж, аялах бүх эрхийг нь хасаад “ажлын мал” мэт зүтгэ гэдэг шаардлагыг нийгмийн цахим сүлжээгээр тараах боллоо.
Үүнийг нь хүлээн зөвшөөрч байгаа мэт аливаа байгууллагын дарга нар нийгмийн сүлжээний элдэв “шуургад” нийцүүлэх нь ч элбэг болж.
Уг нь Хөдөлмөрийн хуульд ажлын цагийг тодорхой зааснаас гадна нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд гээд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой бүхий л асуудлыг шинэчилсэн найруулгаар өнөөгийн нийгмийн харилцаанд уялдуулж өгсөн.
Харамсалтай нь ямар ч хуулийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх учиртай төрийн байгууллагууд ажилтнуудынхаа төлөө нийгмийн хариуцлагын тухайд ямар ч хариуцлага хүлээхээ байчхаж.
Байг гэхэд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, аливаа хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэхэд төрийн албаныхан хамгийн ойрын дамжуулагч байж болно.
Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрт илрүүлэг, Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” зэрэг хөтөлбөрт төрийн бүх шатны ажилтан, албан хаагчдыг хамруулах нь өөрөө нөлөөллийн маш өргөн хүрээний аян болох боломжтой учраас эрхэм дарга нар шүүрч аваад, сайхан санаачилга болгочих хэрэгтэй биш гэж үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна