Үндэсний хиймэл дагуулын үнэ цэнэ их шүү...

Moderator
2023/10/16

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж буй албан ёсны айлчлал түүхэн үр дүнтэй болж өнгөрлөө.

Улс даяараа уран, цөмийн эрчим хүч хэмээн шуугьж байхад тоолгүй өнгөрч болохгүй бас нэгэн чухал гэрээ үзэглэсэн нь “Чингис сат” үндэсний хиймэл дагуул бүтээх “Харилцан ойлголцлын санамж бичиг” байв. Монголчууд үндэсний хиймэл дагуултай болж, харилцаа холбооны бие даасан улс болоход ийнхүү 10 алхам урагшилсан нь ураны төсөлтэй тэнцэхүйц түүхэн үйл явдал болсон юм.

Ингэхдээ олон улсад нөлөө бүхий “Талес Алейна Спэйс”-тай компанитай хамтран ажиллахаар болсон юм.

“Талес Алейна Спэйс” компанийн 67 хувийг Францын технологийн корпораци Thales Group эзэмшдэг бол 33 хувийг Италийн үндэстэн дамнасан корпораци Leonardo эзэмшдэг байна.

Олон улсын сансарын салбарт нилээд нэр хүндтэй компани бөгөөд 2021 онд тус Европын Сансрын Агентлаг (ESA) болон Европын Комиссоос Галилео хоёр дахь үеийн 12 шинэ хиймэл дагуулаас 6-г нь бүтээх гэрээгээр шагнагдсан байдаг.

Тэгвэл Үндэсний хиймэл дагуул монголын ард түмэнд ямар ашиг тустай вэ

Техник, технологийн эргэлтийн эрин үед интернет энэ нийгмийн 2 дахь амьдралын орчин болсон. Юу л байна уул байна, ус байна гэлцдэг өргөн уудам газар нутагтай манай улс өнцөг булан бүрээ холбосон хиймэл дагуултай болвол ашиг тус нь арвин их.

Та бүхний тэр бүр мэддэггүй тоо хэлэхэд Монгол Улс жил бүр арилжааны, ашгийн төлөөх бусад орны хиймэл дагуулын түрээсэнд 12 сая ам.доллар төлдөг. Манай улс интернет хиймэл дагуулын салбарт ТҮРЭЭСИЙН БАЙРАНД амьдарч байгаатай ялгаагүй нөхцөлд байсаар ирсэн гэсэн үг.

Энэ мөнгөө өөрсдөө хиймэл дагуултай болох төсөлд зарцуулвал санхүүгийн хувьд ч томоохон сахилга бат болно.

Түүнчлэн ЦХХХ-ны сайд Н.Учрал “Энэ төсөл урагшилбал Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт амьдарч байгаа иргэд интернэтэд нэвтрэх, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах өргөн боломж нээгдэнэ. Мөн иргэдээ болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, авран хамгаалах зэрэг өндөр ач холбогдолтой талаар” онцолжээ.

Нөгөө талаар мэргэжилтнүүдийн зүгээс Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болох санаачлагыг бодит болгон хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч байгаа нь манай улсын сансар судлал, энэ салбарын мэргэжилтнүүдэд “Хонгилын үзүүрт гэрэл асаасан” үйл явдал болж байгааг онцолж байна. Зам дагаж хөгжил хэмээн ярьдагтай адил сансар судлал монголд хөгжиж хөлөө олоход хувь нэмэрээ оруулах нь гарцаагүй биз.

Монгол Улсаас 2 дахь сансрын нисгэгч төрөн гарч, бид сансар огторгуйд дахин хөл тавих боломж олдох ч юм билүү. Монгол хүний амны бэлэгээр гэдэг дээ...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна