Нийслэл хотдоо амьд явах хэцүү болж дээ


Хүн төрөл гэдэг зүүн дээр ширхэг будаа тогтох төдийд олддог ховорхон хувь тохиол гэдэг. Ийм ховорхон тохиолдолоор хорвоо дээр хүн болж мэндэлчихээд тэрхүү алтан амь насаа бусдын болгоомжгүй үйлдэлээс алдана гэдэг үнэхээр харамсалтай. Сүүлийн үед нийслэл Улаанбаатар хотод маань энд тэндгүй зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эмх замбараагүй барилгууд хаа сайгүй баригдах болжээ. Төдий чинээгээр тэнд хүний амь нас үнэгүйдэж, ашгийн төлөө улайрах эрхэмүүд юу ч хийхээс буцахгүй болсон нь та бидэнд бэлээхэн харагдаж байна. Хэдэн хоногийн өмнө өглөө нь ээжийнхээ гараас хөтлөн явсан хүү өдөр нь явган хүний гарцаар гарч байгаад барилгын кранд даруулж амь насаа алдсан бол, дараахан нь бас нэг кран хугарч дахиад нэг хүн амь насаараа хохирлоо. Мөн өчигдөр гэхэд л тэнгис кино театрын замаар явж байсан оюутан залуугийн дээрээс барилгын төмөр унаж алтан амийг нь авч одов. Тэр барилгын эзэн нь ард түмэнд усан оргилуур байгуулна гэж молиго өмхүүлж өдгөө олон давхар ашгийн байгууллага сүндэрлүүлсэн нь нууц биш. Хамаг байрлал сайтай А бүсийн газруудыг энэ мэтээр худал ярин хувьдаа завших баячуудын өөрсдийнх нь нэг нь амь насаа алдсан бол яаж явж байх бол. Барилга барьж байгаа бол аюулгүй байдлаа ч хангахгүй ажилчид нь болоод ард иргэд тэрхүү барилгынх нь хажуугаар амь насаараа дэнчин тавин азаа сорин ажиллаж, алхаж байна. Энэ байдлаар гадуур явах нь амь сорьсон ажил болох нь ээ. Дээрээс юу унах бол гэж байнга дээшээ харж явбал таг нь байхгүй траншейны нүхэнд ойчиж үхчих гээд, доошоо харахаар дээр барилгаас нь юм унаж алчих гээд. Зам хөндлөн гарахаар ууртай догшин жолоочид нь дайрч алчих гээд.Төр засаг минь бидний амьд явах баталгаа минь хаана байна аа...