Хүүхдийн асуудлаас хол хөндий нэг ч байгууллага, нэг ч иргэн байх ёсгүй

Moderator
2023/10/06

“Хийсэн гавьсан юмгүй, олигтой автортой ажил ч байхгүй нөхөр...” гэж УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнг ярьцгаадаг. Мөн түүнийг Б.Энхбаяр гишүүн шиг попрох дуртай ч гэх нь бий.

Гэсэн ч элдвээр хэлүүлдэг ч гэсэн түүнээс зөв зүйтэй үгс гардаг. Өчигдөр л гэхэд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ангийнхаа даргад “Хүний үг авахаа байчхаж...” гээд сануулга, анхааруулга, зөвлөмж ч гэмээр хэдэн үг хэлээд авна билээ. Түүний энэ үг нийгэмд болж буй муу муухай, тэр тусмаа хүүхэдтэй холбоотой асуудалд ихэд мэдэрч, бухимдалтай байгаагийнх нь илрэл гэж харагдсан.  

Хууль, ном журамдаа бол хэлэлцэх асуудлаа дэс дараатай явах л байх. Гэхдээ УИХ-ын дарга Хүүхдийн эрхийн асуудлаар маргааш хэлэлцүүлэг хийнэ” гэсэн нь Ц.Даваасүрэн гишүүний төдийгүй олны дургүйг хүргэсэн. Үнэндээ жаахан мэдрэмжтэй байсан бол энэ асуудлыг 1 хоногийн өмнө ч гэсэн хэлэлцэх л байлаа гэх шүүмжлэл ч өрнөөд эхлэв..

Энэхүү эсрэгцлийн үеэр УИХ-ын дарга “Монгол банкны асуудалд хүүхэд ямар хамаатай юм...” гэсэн нь ёстой том алдаа  байлаа. Тэр тусмаа хүүхдийн эрх зөрчигдөж эрүүл мэнд, амь нас нь эрсдэж олны уур бухимдал дээд цэгтээ хүрч буй  үед  нийцгүй, наалдацгүй, чихэнд чимэггүй үг унагасан нь тун тоогүй. Ангийн даргын амны алдаа байгаасай л гэж залбиръя.

Тэр уг нь хүүхдийн эрхийн асуудлаас хол ангид нэг ч байгууллага байж болохгүй гэдгийг сайн л мэдэх учиртай. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн хэдэнтээ хэлж байсан.

Тэгээд ч хууль дүрэм журмыг хэрхэн гажуудуулдгийг утгаар нь харуулж байгаа энэ цаг үед УИХ-ын дарга хүүхдийн эрхийн тухай хэлэлцэх асуудлыг урьтал болгосон бол томоохон ОЧКОВ болох байв.

Тэгээд ч Хүүхдийн асуудлаас хол  хөндий нэг ч байгууллага, нэг ч иргэн байх ёсгүй гээд байхад банк нь бай  Банзрагч нь ч бай энэ асуудалд анхаарах л учиртай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна