MCS групп охин компанидаа санаа тавь

Moderator
2023/06/26

Амралт чөлөөт цагаа найзуудтайгаа хөгжилдөж өнгөрөөхөөр М.Ганбат 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "Скай Ресорт"-ыг зорьсон байдаг. Харамсалтай нь "Скай Ресорт" үйлчлүүлэгчдээ хамгаалалтын малгай өгөөгүйн улмаас М.Ганбат гулгаж байгаад унахдаа тархиндаа хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдсан. Зургаахан сарын дараа их сургуулиа төгсөж, амьдралын их далайд гарах байсан ч тэр чадаагүй.

2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрт “Шүүгдэгч А.Батсуурь болон иргэний хариуцагч “Скай Ресорт” ХХК-ийн төлөөлөгч Г.Наранболд нараас хохирогчийг гадаадад эмчлүүлэх зардлыг төлөхөө илэрхийлснийг зориуд цохон тэмдэглэвэл зохино” гэжээ. Угтаа бол “Скай Ресорт” шүүхэд иргэн М.Ганбатын хохирлыг бүрэн барагдуулна гэдгээ илэрхийлж Өршөөлийн хуульд хамрагдсан байдаг. Гэвч бодит байдал дээр М.Ганбатын асуудлыг 3 жил хөсөр хаясан "Скай Ресорт" шүүх танхимд "Гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардлыг төлөхгүй" гэжээ.  Тэгвэл Өршөөлийн хуульд хамрагдангуутаа  аашаа, зүсээ хувиргаж байгаа “Скай Ресорт” өршөөлд хамрагдаагүй байсан бол 14 сая төгрөгөөр торгуулж, нэг жил үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулж, хохирлыг албадлагын журмаар бүрэн барагдуулах ёстой байсан. Гэтэл тэд өнөөдөр зовсон нэгний зовлон дээр гишгэлж   өмгөөлөгчийнхөө тоог нэмэн 4 болгочхоод, юу юушүй тулаанд орох гэж байгаа мэт  аашилж байгаа.  Угтаа бол "Скай Ресорт" MSC группын охин компани. Мөнгөгүйдэх зовлонгүй том компани юунд хариуцлагаас мултарч, цэл залуухан залуугийн амь амьдралыг дэвсэлнэ вэ.

М.Ганбатын өвчний түүх, материалыг хэд хэдэн улсын эмнэлэг рүү явуулсан бөгөөд БНСУ-ын талаас хүлээн авах боломжтой гэсэн хариу ирүүлсэн. Эмчилгээний төлбөр нь 617 сая төгрөг. Хууль ёсны хүрээнд хохирогч өөрийн зардлаар эмчлүүлснийхээ дараа эмчилгээний зардлаа хариуцагч талаас нэхэмжилдэг. Гэвч М.Ганбатын гэр бүлд энэ их хэмжээний мөнгө байхгүй учир “Бидний дундах нэгний төлөө” сангаас 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хандивын аян эхлүүлсэн байдаг. Одоогоор тус санд цугларсан 10 гаруй сая төгрөгөөр М.Ганбатад эмчилгээ хийсний үр дүнд түүний биеийн байдал харьцангуй сайжирсан. Одоо сайжирсан дээр нь эмчлүүлээд авах нь түүний гэр бүлийн туйлын хүсэл. Харин "Скай Ресорт" хойш гэдийсээр байх уу.

Скай Ресорт М.Ганбатыг хөсөр хаядаг юм байж. Гэхдээ 30 жилийн ойгоо нүсэр тэмдэглэж, төрсөн өдрөө тэмдэглэж байсан хамтлагийг хүртэл баяр дээрээ дуулуулж чадсан  MCS групп охин компанийнхаа увайгүй үйлдэлд анхаарлаа хандуулж яагаад болохгүй гэж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна