Хэрэг хуучирдаггүй юм шүү, Х.Болорчулуун сайд аа

Moderator
2023/05/18


ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун шиг эрх мэдлийн шатаар өгсөх тусам өөрийн хамаарал бүхий этгээдүүдээ эгээ л элгэндээ нааж, энгэртээ тэвэрч буй мэт ашигт тендерт шалгарахад нэмэр болж, асуудалд орж хэрэгтэн болоход нь шүүрээд авчихдаг хүн ховор биз ээ.
Мань сайд Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болдбаатарыг өдгөө монголчууд бараг л мэдэх болсон. Яагаа вэ, 2017 онд улсын хилээр хүрэн баавгайн 28 сарвуу гаргах гэж яваад Тагнуулынханд баригдаж, зугтаж явсан Х.Болдбаатарын хэргийг санаж байгаа биз дээ.
Атал өнөөдөр Х.Болдбаатар “Дорнод газар” ХХК-ийн захирал, “Эрдэнэс таван толгой” компанийн хараат бус ТУЗ-ийн гишүүн.
Угтаа бол мань Х.Болдбаатар монголчуудын эрх ашгийг хамгаалахаар “Эрдэнэс таван толгой”-н ТУЗ-д багтах байтугай Улаан номд бичигдсэн хүрэн баавгайн сарвууг хилээр гаргаж, дамлан зарах гэж байсан хүн. Гэмт хэрэг үйлдчихээд дөрөвхөн сар баривчлагдаж, таван сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн.
Хэрвээ хэн нэгэн эрх мэдэлтний дүү бишсэн бол хорих ялаар шийтгүүлэх байсныг өөр бусад ижил төрлийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэснээс харж болно.
Ингээд ч зогсохгүй одоогийн БХБ-ын сайд Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайд байх үед “Дорнод газар” ХХК-иараа дамжуулан тендерүүдийг хамдаг байсан тухайг хэвлэлүүдээр ил болгож байв.
Дээрхээс харахад Х.Болорчулуун нь ХХААХҮ-ийн сайд хийх, Х.Болдбаатар нь “Эрдэнэс таван толгойн” ТУЗ-д байх ёсгүй гэдэг нь тодорхой байгаа биз ээ.
Дахиад цааш ухвал эрхэм сайдтаны холбоотой өөр ёс бус хэргийн тухай мэдээлэл ч УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө ил болж байсан бөгөөд хохирогчтой тохиролцсон гэх шалтгаанаар шүүх, цагдаагийн байгууллагаас холуур өнгөрч байсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна