Сайдуудаа төрд шигдсэн хэмнэж чаддаггүй дарга нартаа хариуцлага тооц

Moderator
2023/04/20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн нар хурган дарга, дунд шатныхан нь татвар төлөгчдийн мөнгөөр биесээ шагнаж, Төрийн хэмнэлтийн хуулийг үл тоож байгааг ингэхэд мэдэж байна уу.

Уг нь энэ хуулийн 15.1.3-т хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох зэргийг хориглосон. 


Хэрвээ хуулийг зөрчсөн бол 21.1-т Төсвийн захирагч, энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно гэж заасан нь бий.


Тэгвэл ийн халагдах хүмүүсийн тоонд Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан, саяхан тус газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга байсан Л.Лувсан нар багтана.


Л.Лувсангийн хувьд олон жил ГЗБГЗЗГ-ын санхүүгийн албан ажилласан нэгэн бөгөөд саяхан ЭМЯ-ны санхүүгийн албанд даргаар “томорч” томилогдсон аж.


Гэхдээ мань хүн хуучин байгууллагаасаа явахдаа нэг сая төгрөгийн урамшуулал авчээ.


Засгийн газраас хэмнэлт хийхийг үүрэгдэж байхад газар, хэлтсийн дарга нар бол биесээ шагнаж урамшуулж байгаа нь хэр зүй ёсны үйлдэл вэ.
ГЗБГЗЗГ-ын уг нь ганц Л.Лувсан ийн албан тушаал өөрчлөгдөж байгаа ч юм биш. Гэтэл бүр түүнд хүндэтгэл үзүүлэх нэрээр санхүүжилт гаргаж өгч байгаа нь тус газрын удирдлагуудын дураараа зангийн илрэл.
Ингээд ч зогсохгүй эрхэм дарга Л.Лувсангийнх нь хамаарал бүхий дүү нь ч тус газарт ажиллаж байгаа аж. Тодруулбал, тус газар газрын харилцаа болон геологийн анги амжилттай сайн төгсөгчдийг урилгаар “ГЭРЭЭТ”-ээр ажиллуулдаг.
Гэтэл Л.Лувсан нь Батлан хамгаалахын сургууль төгссөн дүү Дөлгөөн гэгчийг анх Захиргаа удирдлага хамтын ажиллагааны газартаа гэрээтээр ажиллуулж эхэлсэн байна. Харамсалтай нь Дөлгөөн нь ажилдаа гологдож, Кадастрын хэмжилт, зураглал, газрын зөрчил, маргааны асуудал хариуцсан албанд очоод мөн л хөөгдөж Архивын мэдээллийн төвд дөнгөж тогтож байгаа аж.
Дөлгөөнийх нь хувьд ердөө л төрийн байгууллагад ажилласан нэр зүүж, НДШ төлж байгаад гадаадад сурах төлөвлөгөөтэй нэгэн гэдгийг ойр тойрныхондоо ам алджээ.
Мэргэжлийн боловсон хүчнүүдээ голж, шилж, халж, хөөдөг атлаа тус газрын дарга нар өөрсдийн хүмүүсээ “бөөрөндөө нааж” татвар төлөгчдийн мөнгөөр цалинжсаар байна гэсэн үг.
Энэ бол ердөө ганцхан жишээ. Газрын бүх харилцааг цахимжуулсан гэж байгаа энэ үед тус газарт нүүрлэсэн дарга, удирдлагуудынх нь булхайтай үйлдлийг ухвал ёстой л “хүрээний бузрыг ухвал далай” гэдэг л болно. Тиймээс бид дараагийн удаа үргэлжлүүлэн хүргэх болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна