​ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар арьсаа хамгаалахын оронд ХҮҮХДЭЭ ХАМГААЛ

Moderator
2023/04/03

Сүүлийн жилүүдэд хүүхдүүд хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болох нь ихсэж, энэ нь ч нийгэмд айдас төрүүлж эхэлсэн. Ялангуяа бага насны хүүхдүүд өртөж байгаа нь сэтгэл сэртийлгэм. Гэхдээ нийгмээрээ энэ асуудлыг шуугиад бас шуураад өнгөрдөг биш буруутнаас ч байгууллагаас ч хариуцлага нэхэж, урьдчилан сэргийлэх ажлыг бодитой, үр дүнтэй хийдэг болох хэрэгтэй байна.
Угтаа бол манай улс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэх агентлагтай. Гэр бүлийн хөгжлийг дэмжсэн, хүүхдийн эрхийг дээдэлсэн, залуучуудын оролцоог хангасан үйлчилгээ, үйл ажиллагааг хөгжүүлэх эрхэм зорилготой тус байгууллага үнэхээр зорилгодоо хүрч ажиллаж чадаж байгаа юу гэдгийг нийгэм өөрөө дүгнээд өгөх биз.
2017 онд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 900 сая төгрөгийн төсөвтэй байв. Түүнээс хойш өссөөр өнөөдөр 8.3 тэрбум төгрөгийн төсөвтэй болсон. Энэ 6 жилийн хугацаанд хүүхэд рүү чиглэсэн гэмт хэрэг буураагүй. Харин ч жилийн 79.3 хувиар өссөн. Жил бүр 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байна. Эдгээр тоо нь тус байгууллагын ажлыг хангалттай дүгнэж байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжийн газрын дэргэдэх 108 утасны үйлчилгээг өмнө нь дуудлага авч, зөвлөгөө мэдээлэл өгдөг байсан бол одоо эрсдэлт нөхцөл байдалд буй хүүхдүүдэд хүрч, яаралтай тусламж үзүүлдэг болсон. Мөн дэргэдээ түр хамгаалах байртай болж, гурваас долоо хоногийн хугацаанд түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлдэг болсон гэж байгаа. Гэвч хамгаалах байранд очсон хүүхэд хамгаалуулж чадаагүй хэрэг ч саяхан гарсан. Тодруулбал, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр түр хамгаалах байранд очсон 5 настай хүү бие махбодийн хүчирхийлэлд өртжээ. Тухайн хэргийг ээж нь сошиал орчинд бичиж, түүний дагуу Цагдаагийн байгууллагаас шинжээч томилсон. Гэвч 108 төв нь камергүй, коридорын камерын бичлэг олдсон ч бичлэг нээх кодыг нь мэдэх ажилтан байхгүй. Ганц мэддэг ажилтан нь ажлаасаа халагджээ. Энэ драма цааш хэрхэн үргэлжлэхийг таашгүй, цагдаагийн байгууллагаас “шалгаж байна” гэж ам таглах нь тодорхой. Хамгийн гол нь тэнд хүүхэд бие махбодь болоод сэтгэл санаагаараа хохирчхоод байна. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий хэлэхдээ “Манай байгууллагын төсвийн 70 хувь нь хүүхэд хамгаалалд зарцуулагддаг. 108 төв, төрийн бус байгууллагууд, хорооны хамтарсан багтай байнгын холбоотой ажилладаг” гэсэн юм. Яг үнэндээ ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хэргийн мөрөөр аль нэг хорооны хамтарсан багтай уулзах гэхэд тарж бутарч, хаашаа ч юм хуралд явсан гэж ам таглаж, зугтдаг нь нууц биш.
Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар төсвөө зориулалтаар нь хүүхэд рүү чиглүүлж зарцуулж байгаа эсэх нь ч эргэлзээтэй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 1-9 дүгээр сарын төсвийн зарцуулалтыг хянахад санхүүгийн баримтгүй, зарцуулалтын данс бүртгэлгүй, тушаал шийдвэргүйгээр бараа худалдан авсан зэрэг зөрчил илэрч байв.
Энэ мэтчилэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг тойрсон асуудал дуусахгүй. Урьдчилан сэргийлэх дорвитой ажил хийж, ахиц гаргасан зүйлгүй тус байгууллага олон нийтийн дунд тун нэр хүнд муутай. Хэрэв толгойлж буй дарга нар нь арьсаа хамгаалж суухын оронд хүүхдүүдээ хамгаалж байсан бол өнөөдөр хүүхдийн хүчирхийлэл ийм байдалд хүрэхгүй байсан биз ээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна