​ ХБ-ны зээлдэгчид өрөө төлөөгүйн гайг татвар төлөгчид үүрэх үү

Moderator
2023/03/27

Үргэлжилж буй 2023 он Монгол Улсын бондын өр төлбөр нэхэгдсэн хатуу жил болж байна. Үүний нэг илрэл нь Хөгжлийн банкны бие даан олон улсын зах зээлд гаргасан бондуудын эргэн төлөлтийн асуудал юм.
Хөгжлийн банк нийт 3 удаа бие даан олон улсын зах зээлд бонд гаргаж байсан бөгөөд үүний нэг ХБ 580 сая ам.долларын бондыг 2017 онд бүрэн төлсөн байдаг. Харин Самурай болон Евро бондын өр төлбөр энэ онд төлөгдөх хуваарьтай байна.

 Монголбанк
Самурай бондын 30 тэрбум иенийг Монголбанкны дансанд байршуулсан талаар Сангийн яамнаас мэдээлж байсан бол Евро бондын эргэн төлөлтийн асуудал анхаарал татаж байна. УИХ-ын гишүүн Т.Доржхандын мэдээлж буйгаар “Хөгжлийн банкны өр төлбөрийг төлөх мөнгө манай улсад байхгүй. Мөн уг асуудлаар төсөв дээр яриагүй учраас төсөвт тусгагдаагүй гэсэн үг” гэж хэлж байв.
Тиймээс евро бондын өрийг төлөх 2 арга зам бий гэдгийг тайлбарлаж байв. Нэг нь дахин санхүүжүүлэх, нөгөө нь хөгжлийн банкийг тонон дээрэмдэгчид өрөө төлөх.
Угтаа бол зээлдэгчид нь өрөө төлчихвөл Хөгжлийн банк зах зээлийн зарчмаараа амьдраад явчихна. Гэвч эрх мэдэлтэй, танил талтай хүмүүс нь эз дийлж зээлээр ЗУГАА хийснийг тус банканд холбогдох нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор ил болсон. Үүгээр ч зогсохгүй зээлийн эргэн төлөлтөөс 500 сая ам.долларын өр төлбөрийг төлнө гэдэг ҮЛГЭР, ФАНТАЗИ болох нь харагдана. Мөн Хөгжлийн банкны нийт зээлийн талаас илүү хувийг чанаргүй актив эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл зээлээ төлж чадахгүй зээлдэгчид ихэнх хувийг бүрдүүлж байна.


Хөгжлийн банк
Нарийвчлан гаргасан зээлийн мэдээллийн доорх графикуудад чанаргүй активд хамаарах ААН-үүдийг жагсаажээ.

Хөгжлийн банк


Харин бондыг дахин санхүүжүүлэх асуудлын тухайд Евро бонд нь 7.25 хувийн купонтойгоор зах зээлд гарсан. Харин уг бондыг дахин санхүүжүүлэх бонд гаргахын тулд үүнээс илүү өндөр хүүтэй бонд гаргах шаардлагатай болно. Энэ нь нэг ёсондоо Хөгжлийн банкны алдагдал ирээдүйд илүү их нэмэгдэхийн дохио болно.
Нөгөө талаар ам.долларын ханшаа тавиад туучихсан байгаа энэ үед Хөгжлийн банкнаас ам.доллароор зээл авсан ААН-үүд анхаарал татаж байгаа юм. Нөхцөл байдлаас харахад ханшийн алдагдлаа хэн үүрэх эсэх дээр зээлдэгчид, Хөгжлийн банк болон Монголбанк хоорондоо хөлөө жийлцэж байна.
Хөгжлийн банкны эргэн тойронд болж буй эдгээр үйл явдлуудаас харахад зээлдэгчдийн төлөөгүй мөнгө татвар төлөгчдийн нуруун дээр унах юм биш биз гэх хардлага төрж байна. Учир нь хамгийн боломжит хувилбар гэж харагдаж байгаа дахин санхүүжилтийг сонговол ирээдүйд үүсэх алдагдлыг энгийн иргэд төлөхөөс өөр замгүй болно.
Хэрэв Засгийн газраас баталгаажуулсан уг бондын төлбөрийг нэгэнт төлж чадахгүйд хүрвэл CROSS DEFAULT буюу Засгийн газар нь өөрөө дефолтод орж, эдийн засаг царцана гэдгийг эдийн засагч гишүүд хэлж байв. Товчхондоо бол “Өртэй хүн өөдөлдөггүй” гэх хэлц үгний утга учир чинь энэ шүү дээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.43
    2023/03/27

    Идэж уусан новшнуудыхаа хөрөнгийг нь хураагаач

    Хариулах