​ Амьдрал тэтгэгч БОР ЦАЙ

Moderator
2023/03/20

“Амьдрал тэтгэгч цай” гэхээр ямар нэгэн ид шидтэй, илаарьшуулдаг, эсвэл сүлжээний элдэв цай гэж бодож магад. Гэхдээ энэ цай бол нэгэн өрх айлыг идэх талхтай, үмх махтай байх эсэхийг шийддэг цай аж.
Өглөө эрт ажилдаа явахдаа автобусанд таарсан хоёр “Хөгшөөн чи наад цайгаа битүү торонд хийгээд бариад явахад яадаг байнаа. Зарим хүн шээс гэж бодох вий” гээд танилаа нударч инээв.
Хариуд нь нөгөөх нь “За юу л гэж бодвол бодог. Тэгээд ч шээсээ бариад явдаг хүн байх уу...” гээд зөрүүлээд нудрав. Тэгснээ энэ чинь намайг өдөрт тайвшруулж, цатгаж, ажлаа хийхэд маань нэмэр болдог байхгүй юу. Өдрийн хоолоо идчихээд нэг хэсэг л гүрэлзэнэ ш дээ. Тэгээд өлсөх янзтай байвал энэ цайнаасаа жаахан балгаж, өлөнгөө дарчихна. Тэгсээр тэгсээр ажлын цаг ч дуусна. Хамгийн сүүлийнхийг нь автобусанд суугаад түгжирч явахдаа уучихдаг юм.
Эртийд энэ цайгаа мартаад явсан чинь ёстой муурч унах дөхсөн. Өлсөөд, салгалаад бүр алингаа алдсан...” гэхэд нөгөөх нь “Ядаж ганц талх аваад идчихэд яадаг юм. Ажил хийж байгаа хүн цэрийтлээ цай ууж өдрийг барна гэж юу байсан юм...” гэв. Тэгтэл цайны эзэн “Тийм норм байхгүй ээ, хөгшинд чинь. Талх аваад идчихвэл авгайн автобусны мөнгө будаа болчихдог юм. Тэгээд л гүрийдэг байхгүй юу. Олон жил амттай шимттэй юм идэх нь битгий хэл аятайхан хоол ч идсэнгүй. Амьдрал хэзээ нэг сайхан болдог юм бол доо... “ гэх нь цаанаа л нэг гунигтай.
Автобусны урд суудалд хэзээний тухалчхаад утсаар хэн нэгэнд зааварчилгаа өгч суусан насан өндөр нэгэн утсаа далд хийнгээ нулимсаа арчаад “Миний дүү...” гэхэд ойр орчмынх нь бүх хүн түүнийг харав. Утсаар ярьж байсан ч тэр 2-ын яриаг чагнаж байсан бололтой цүнхнээсээ 100 мянган төгрөг гаргаад “Май, миний дүү” гэхэд “Өө эгч, хэрэггүй хэрэггүй, өрөвдүүлэх гэж ярьсан юм биш. Амьдралаа, амьдрал тэтгэгч цайныхаа тухай л ярьсан юм. Хэдэн төгрөг олох гэж яаж зовдгийг сайн мэдэх болохоор бүр ч авч чадахгүй нь эгч минь...” хэмээн цааргалав.
Хүмүүс “Настай хүн юм өгч байхад ав, ав. Хаа сайгүй л амьдрал ийм байна. Надад ч гэсэн “Амьдрал тэтгэгч цай” бас байна гээд цүнхэлсэн, ууталсан цайгаа харуулж байгаа нь залуугийн сэтгэлийг тайтгаруулж буйг харахад “АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ Ч БАС адил аж.
“Амьдрал тэтгэгч цай”-ныхаа тухай ярьсан залуу “Хөөх, 165 мянган төгрөгтэй болчихлоо 2 охиныхоо номыг авч өгье дөө. Миний гүнжүүд ямар их баярлах бол оо...” гээд нулимсаа арчиж байв.
Амьдрал тэтгэгч тэр цай бол бидний хар багаасаа л уусаар ирсэн өнөөх л БОР ЦАЙ шүү дээ. Тэгээд ч олны сэтгэл оломгүй далай гэж энэ шүү дээ. Оюутан охин хүртэл түүнд 5000 төгрөг өгсөн юм.

Эцэст нь нэг зүйлийг онцлоход нөгөө цайны эзэн “Бүх цай ургамлаас гаралтай байдаг болохоор кофейн агуулсан байдаг. Цайнд кофеноос илүү хэмжээгээр кофейн агуулагддаг. Кофейн нь сэтгэл санааг тайвшруулж, тархины сэтгэн бодох үйл ажиллагааг дэмждэг. Манай 3 гүнж ч бас цай авч явдаг” хэмээн өөрийнхөө мэддэг зүйлийг автобус дүүрэн хүмүүстэй хуваалцаж байсан юм.
Зарим нэг нь”Энэ юу мэддэг юм” гэсэн байдлаар харж байсан ч энэ бол үнэхээр үнэн мэдээлэл гэдгийг хэлэх хэрэгтэй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна