“Дархлагдсан” арилжааны банкууд зээлийн шимтгэлийн хэргийг гацаасаар

Moderator
2023/03/09

Иргэний хэргийн гурван шатны шүүх "зээлийн 1 хувийн шимтгэл"-ийн хэргийг гомдол гаргасан иргэний талд шийдвэрлэсэн.Энэ нь арилжааны банкууд зээл судалсны нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэж үзсэн үндэслэлээр бус банкууд зээл судлахдаа нэг хувийн шимтгэл авах хэмжээний зарлага гаргадаг гэдгээ нотолж чадаагүй учраас дээрх шийдвэрийг шат шатны шүүхүүд гаргажээ.

Үүнээс гадна өнгөрсөн онд ШӨХТГ-аас нэр бүхий 9 арилжааны банкад дээрх хэргээр торгууль ногдуулсан ч эдгээр банкууд торгуулийг хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ асуудлын захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал 3 удаа хойшилж, 3 дугаар сарын 2-нд болохоор товлогдсон байсан ч нэхэмжлэгч талаас нотлох баримтаа хангалттай цуглуулаагүй гэх шалтгаанаар дахин 4 дэх удаагаа хойшилжээ.

Хэрэв ШӨХТГ-ын шийдвэрийг шүүхээс хүлээн зөвшөөрвөл зээл авахдаа 1 хувийн шимтгэл төлсөн бүх иргэн мөнгөө буцааж авах боломжтой болох юм. Гэтэл арилжааны банкууд нотлох баримтаа бүрдүүлээгүй гэх шалтгаанаар удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байгаа нь хэргийг удаашруулж, залхааж, замхруулах гэсэн оролдлого шиг харагдаж байна.

Манай улсын санхүүгийн салбарт банкны салбар жин дарж, ашиг орлогоороо ч улсдаа тэргүүлдэг. Гэтэл ашиг орлого олохын хэрээр ард иргэдээс авж байгаа мөнгөндөө ханаж чаддаггүй нь дээрх жишээнээс харагдана.

Үүгээр зогсохгүй шүүх хурал бүтэн 4 удаа хойшилж байхад нотлох баримтаа бүрэн цуглуулж чадахгүй байна гэдэг үндэслэлгүйгээр зээлийн шимтгэлийн хувийг тогтоосон нь үнэн байх боломжтойг баталж байгаа юм. Ийнхүү зээлийн шимтгэлийн хэрэг удааширсаар замхарвал ард иргэд л хохироод үлдэнэ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.18.63
    2023/03/14

    hurdan shiidej shuuh huralaa hiigeechee.zeeliin shimtgelee abmaar bn.barag 2 say tugrug tulsun bdag.teriigee abah yumsaaaaaaan

    Хариулах