​Эмэгтэйн биеийн стандарт 90*60*90 байх албагүй

Moderator
2023/03/06


Нэгэн үе төгс биетэй эмэгтэй 90*60*90 харьцаатай байх ёстой гэсэн үзэл давамгайлж байв. Гэвч энэ хэмжээг барихын тулд хоол сойхоос эхлээд эрүүл мэндийн хувьд сөрөг үр дагавар ихээр гарах болсон. Тиймээс ч дэлхий нийтийн загварын чиг хандлагад оршин тогтнож ирсэн заавал 90*60*90 байх ёстой гэсэн бичигдээгүй хууль үгүй болсон.
Гэхдээ хэн, хэзээ эмэгтэй хүний биеийн төгс харьцаа 90*60*90 байх ёстой гэж хэлж, тунхаглаж, стандарт тогтоосон юм бол...
Үүнийг хэн ч сонирхож байсангүй.
Харин амьдрал бидний амьдралд алхам тутамд байх ёстой, цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж ёстой хэм хэмжээг тэр бүр мэддэггүй нь харамсалтай.
Та, биднийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, бараа, бүтээгдэхүүн, хүнс гээд ер бүхнийг хэрэглэхийн өмнө тогтсон хэм хэмжээгээр баталгаажсан стандартыг мөрдүүлдэг.
Бид орчин тойрноос эхлээд эдэлж, хэрэглэж байгаа зүйлсийнхээ стандартыг мэдэхгүй хэрнээ дээр дурдсан шиг эмэгтэйн биеийн хэмжээг л илүү сонирхсоор иржээ.
Тиймдээ ч хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд үүссэн шинэ хэв маяг, бараа, бүтээгдэхүүн, хэрэгцээ шаардлага бүрд стандарт бий болгохгүй бол бид гацсан хэвээр үлдэх нь.
Хамгийн наад зах нь хүн бүхний мэдэж буй УНТЭ-ийн хашаанд баригдсан ч өнөөг хүртэл ашиглагдахгүй байгаа автомашины давхар зогсоол. Уг зогсоол нь 16 автомашины багтаамжтай автомат өөрөө өргөгчтэй, зогсоолыг гүйцэтгэгч компани нь 2020 онд барьж, угсарч, гүйцэтгээд дууссан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ажиллаагүй, үзмэр болчихсон.


Асуудалгүй мэт харагдаж, туршилтаар ажиллуулсан ч Монгол Улсад эргэлдэж, ачиж, буулгах зориулалтын зогсоолын дүрэм, стандарт байхгүй учраас тэр.
Яг үүнтэй адил бид, Монгол Улс орчин цагтай, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хөгжмөөр байна. Гэвч тэрийг хөрсөнд буулгах стандарт алга. Нэгэнт стандарт үгүй бол ажиллуулж, ашиглаж, хэрэглэж болохгүй.
Угаас нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаа болох аливаа үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ гэх мэт харилцааг илүү цэгцтэй, нэгдмэл байлгах, аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн стандарт тогтоодог. Тэрийг харин бид шинэчилж, шинийг баталж, хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага үүсээд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна