Ч.Ганбат тэргүүтэй бусдыг нь ч авч ир...

Moderator
2023/02/13

Засгийн газар энэ оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлачихлаа. Энэ хүрээнд таван шатлал бүхий үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд түүнийг нь “ТАВАН Ш” гэж товчлоод байна.

Тэдгээрээс хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь “ШУВУУ” ажиллагаа. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх тухай.

Үүнийг сонссон монголчууд нийтээрээ бүх л авлига, албан тушаалын хэргийн учиг, учрыг нь тайлах Т.Бадамжунай, Ч.Сайханбилэг, саяхнаас гараад зугтчихсан “Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарыг авч ирж, хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн нэхэж байгаа.


Тэгвэл тэднээс өмнө гараад явсныг нь бас авч ирэх ёстой. Ерөнхий сайд, Засгийн газар үнэхээр авлигатай тэмцэж, “шувуу” ажиллагаа зохион байгуулах гэж байгаа бол “Либерти Партнерс”-ийн Ч.Ганбат тэргүүтэй бусад хүмүүсийг ч бас авч ирэх ёстой.

Өнгөрөгч долоо хоногт болсон Хөгжлийн банкны асуудлаарх Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголын үеэр Ч.Ганбатын нэр олон гарсан.
Нээлттэй сонсголын үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга “...Мэдлэгтэй, боловсролтой хүн хэрэгтэй байсан. Бид барууны компанитай ажиллах шаардлагатай болсон, хэл устай. 30, 40 орчим залуусыг цуглуулсан. Засгийн газраас Сү.Батболд “Зөгийн үүр” хөтөлбөр зарласан байсан, тэрний дагуу залуучууд ирсэн. Ажиллуулаад эхэлсэн. “Маккензи” орж ирээд хамтарч ажиллах компаниа сонгосон... ...2015 оны асуудал шиг санагдаж байна. Ч.Ганбат Конверци банк дээр ажилладаг байсан, урьж авч ирсэн. Ажлууд явж байтал оффис зэргийг нь лацдхаар тэр хүн явсан байх. Одоо хаана байгааг мэдэхгүй, нэг их сайн л яваагүй байх.” хэмээн ярьсан.
Гэхдээ сайн, муу явааг нь Ерөнхийлөгч асны үгээр тодорхойлохгүйн дээр Ч.Ганбат Монгол Улсаас оргон зайлсан нь бол үнэн.

Тухайн үедээ буюу 2016 оны нэгдүгээр сард өөрийг нь Интерполоор эрэн сурвалжил байхад Төрийн өндөрлөгүүдэд хандан захидал бичиж байсан. Түүндээ “Монгол Улсад үнэн ялж, шударга ёс тогтох сайн цаг хэзээ нэгэн өдөр ирнэ гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Тийм ч учраас би өөрийн хүсэлтээр Монгол Улсад очиж шалгуулж нэрээ цэвэрлэх болно гэдгээ энэхүү захидлаар мэдэгдэж байна.” гэж байв. Гэсэн Ч.Ганбат 2012 онд АНУ-ын иргэн болчихсон гэх мэдээлэл ч цацагдаж байсан билээ.

Тэгэхээр Ч.Ганбат ядарч яваа бус харин бултсан хэвээр хүний нутагт суугаа нь үнэн байх нь.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.147
    2023/02/14

    N.Enhbayriin duu huuhen N.Enhtuya ch zugtaagaad alga bolson irsen uomuu.Enhbayr n hàan bolson.

    Хариулах
  • 67.247.102.58
    2023/02/13

    Сурсан мэдсэн, туршлага бүх зүйлээ эх орныхоо хөгжилд зориулая, орноо гээд ирж байгаа залуусыг дуудаж авчирч улс төрийн бузар хулгөйдаа хцтгачих юм даа. Бид Хөгийн Монголчууд юм даа. Арчаагүй. Гадны том банк болон том компанид мөрөөрөө чадлаараа ажиллаж байсан нь дээр юм ба даа.

    Хариулах