Шүүгч Г.Золбоо, С.Батдөлд хөнгөн ял авах боломж олгов уу

Moderator
2023/01/23

      Өнгөрсөн оны сүүлчээс нүүрсний хэрэгтэй холбоотой улстөрчдийн хэрэг нийгмийг цочирдуулсан бол түүний дараах томоохон дуулиан нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн 10 тэрбумын хэрэг юм. Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сарын 05-06-нд шилжих шөнө УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж 48 цагийн хугацаатай баривчилсан. Учир нь түүнийг өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулж хахууль авдаг байж болзошгүй хэмээн сэжиглэж, нэгжлэг хийхэд С.Батдөлийн хамаарал бүхий орон сууцнаас 10 тэрбум төгрөг хураан авахаас гадна өндөр мөнгөн дүнтэй үл хөдлөх хөрөнгийн нэг бус гэрчилгээ хураан авсан байдаг. Ингээд түүнийг 48 цаг түр саатуулсны дараа үргэлжлүүлэн хорих саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Энэ дагуу Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар "Үргэлжлүүлэн хорих" саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавьсан аж. Харин шүүхийн хэлэлцүүлгийг эхлэхээс өмнө яллагдагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Төв аймагт шүүх хуралд ороод дуусаж байна, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр заавал оролцоно, шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч С.Батдөл “Өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт оролцоно” гэх хүсэлтийг гаргасан.

         Мөн асуудлыг шийдэхээр томилогдсон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Золбоо "...С.Батдөл өмгөөлөгчтэй хуралд орно гэх санал гаргасан учраас шүүх хурлыг хойшлуулна" гэсэн юм. Ингэсээр ажлын цаг ч дуусаж, шүүгч Г.Золбоо "...Ажлын цаг дууссан. Хурал хийхгүй. Даваа гаригийн 10:00 цагт хийнэ" гээд "Алх цохисон" байна. Уг нь манай улсад С.Батдөлөөс бусад хүн ийм нөхцөлд шууд цагдан хоригддог. Гэвч шүүгч Г.Золбоо даруй С.Батдөлийг ингэж сулласанаар хоёр хоногийн хугацаанд бусадтайгаа үгсэн хуйвалдах боломж олгочихлоо гэж хардаж буй.

       Тодруулбал, босоо удирдлагатай УБТЗ-д С.Батдөл шиг албаны орлогч даргын албан тушаалтай хүн ганцаар шийдвэр гаргах боломжгүй байдаг гэнэ. Тиймээс олон нийтийн сэрдэж буйгаар түүний дээр эрх баригч намын өндөр албан тушаалтан байгаа гэж үзэж байгаа юм. Цаашилбал, энэ хэрэг төмөр замын "Хурган дарга"-аар дуусахгүй шат шатанд сүлжсэн аалзны тор мэт албан тушаалтнуудтай шууд холбоотой гэж болохоор. Тийм ч учраас тэд өөрсдөө уснаас хуурай гарахын тулд шүүгч Г.Золбоогоор дамжуулан С.Батдөлийн ялыг нь хөнгөлөх тохироогоо хоёр хоногт ярилцах боломжийг бий болгосон гэх. Түүнчлэн С.Батдөл гаргасан мэдэгдэлдээ "Нэгжлэгээр илэрсэн мөнгөний хоёр тэрбум нь минийх. Бусад нь өөр хүнийх" гэсэн юм. Үүнтэй зэрэгцэн цагдаагийн байгууллагаас үлдсэн найман тэрбум төгрөгийн эздийг зарлахыг шаардсан ч С.Батдөл зарлаагүй л явна. Манай улсад өсвөр насны хүүхэд арга буюу дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн хулгайлахад 10 жилийн ял төлөвлөдөг бол улсаас 10 тэрбумын хулгай хийсэн энэ мэт албан тушаалтныг цагдан хорих саналыг хойшлуулж, ялыг хөнгөлөх эсэхээр хэлэлцэж байгаа нь эмгэнэл болоод байна. Сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт оруулдаг ард түмний хувьд 10 тэрбум нь дүүрэг бүрт шинэ цэцэрлэг барьж болохоор мөнгө. Гэтэл ард түмний боломжийг ийм хялбар аргаар хулгайлж байсан албан тушаалтнууд нэгээс таван жилийн ял аваад л өнгөрөх үү!!!


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна