​ Азийн цагаан дагиныг авслагсдаас хариуцлага нэхье

Moderator
2023/01/11

Утаа жолоо цулбуургүй болж байгааг нийслэлчүүд бараг л харж, амталж байна. Ялангуяа энэ өвөл өмнөх жилүүдийнхээс илүү их утаатай байна гэдгийг хаа хаанаа хэлж байгаа бол гадаадын зарим нэг жуулчид “Улаанбаатар хот “Үхлийн хөндий” гээч болчхоод байна” гэсэн нь хөндлөнгийн хүний дүгнэлт, тохуурхал байлаа.
Цахим орчинд ч иргэд утаатай холбоотой бухимдлаа илэрхийлсээр байгаа ч энэ дундаас онцлох нь “Хятадаас оруулж ирсэн нүүрсээр шахмал түлш хийж, хүний биед хортой эсэхийг туршиж байна” гэх пост байлаа. Энэхүү мэдээллийн мөрөөр бид холбогдох байгууллагаас тодруулахад нөгөө л жижүүрийн хариулт, лабораторийн дүгнэлтээ ярьж “Нийслэлд агаарын бохирдол байхгүй, байсан ч энэ нь цаг агаар, газарзүйн байрлал болоод хүн амын даац хэтэрсэнтэй холбоотой” гэж буй үнэн хөгийн тайлбар байв.
Монгол Улс газарзүйн байрлалын хувьд хаашаа ч хазайгаагүй байдаг газраа л байж байгаа гэдгийг ийм тайлбар хэлсэн нөхдийн бүр чихэн дээр нь орилж хэлмээр...

Үнэндээ бол нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд хэвшчихсэн. Ийм байхад өнөөдөр Улаанбаатар “Утаат үхлийн хөндий” болоо гэж гадна дотногүй ярьж байгаа нь “Утаагүй Улаанбаатар” болох нэг алхам нь бүтэлгүйтсэнийг хэлж буй хэрэг.
Товчхондоо бол жил бүр агаарын бохирдлыг бууруулахад зориулж тодорхой тооны төсөв баталдаг ч үр дүнд хүрэх нь битгий хэл арагш ухарч байгаа учраас ард иргэд бухимдаж байна.
Уг нь улстөрчид хийгээд эрх баригчдад нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулж, агаар болон хөрсний бохирдлыг давхар шийдэх боломж бий ч дөмөгхөн шиг ажил хийж зангарагтайхан шиг хөдөлчих аавын хүү, ээжийн охин үнэндээ алга. Тиймээс л утаа, угаартаа хордсоор дэлхийн хэмжээнд тэргүүлж эхэллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.69
    2023/01/13

    Тиймээ азийн цагаан дагина ч өнгөрөөд байнаа

    Хариулах