​ IPO гаргахад цөвүүн цаг

Moderator
2022/12/21

Олон улсад хөрөнгийн зах зээл өндөр савлагаатай, хөрөнгө оруулагчид эрсдэлээс зугтаах хандлагатай байна. Дотоодод ч мөн ялгаагүй IPO гаргасан компаниудыг таагүй уур амьсгал угтлаа.
Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, системийн нөлөө бүхий 5 банк IPO гаргахаар болсон. Одоогоор 3 банк хувьцаагаа олон нийтэд санал болгоод байна. Гэвч цахиур хагалан IPO гаргасан Богд банкны хувьцаа анх гарснаасаа 25 орчим хувиар уначихсан байна. Цаашид хувьцааны ханш өсөх эсэх нь тэнгэр мэдэх хэрэг биз. Гэвч өснө гэх үндэслэл одоохондоо харагдахгүй байна.


 
Богд банкны хувьцааны ханшийн график /эх сурвалж: Marketinfo/
Мөн энэ үед нүүрсний хулгайн хэрэг дэгдэж, эрх баригчид “Эрдэнэс таван толгой” ХК-ийг нээлттэй компани болгож, олон улсад IPO гаргана гээд зарлачихсан. Нээлттэй компани болж байгаа нь сайн хэрэг. Нүүрс тойрсон хулгайн хэрэг арилж, засаглалын хувьд сайжрах хүлээлт байна. Гэвч яг одоогийн нөхцөл байдалд IPO гаргах нь хэр зэрэг баталгаатай вэ гэдэг нь чухал.
Reuters агентлагт нийтлэгдсэн Монгол Улсын нүүрсний хэргийн талаарх нийтлэлд “Эрдэнэс таван толгой” ХК хилийн чанадад IPO гаргахад олон улсын зах зээл дээрх нүүрсний үнийн хэлбэлзэл, хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан зэрэг нөлөөлнө хэмээн бичсэн байдаг. Эдгээрийг харгалзан үзэхэд гэмгүй.
Том зургаар харахад пандемик болон геополитикийн эрсдэлээс үүдэн ОУВС, Дэлхийн банк зэрэг томоохон судалгааны байгууллагуудын сүүлийн прогнозоор дэлхийн эдийн засгийн өсөлт муутай байх төлөвтэй байгаа. Тэгэхээр IPO хийж байгаа компаниудын хөрөнгө нь босохгүй байх, эсвэл IPO хийсний дараа хувьцааны үнэлгээ унах эрсдэлтэй байгааг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна