Хүчтэй салхи, цасан шуурганы улмаас 200 гаруй мал хорогджээ

Moderator
Өчигдөр 16 цаг 39 минут

Арваннэгдүгээр сарын 27-ны ням гарагаас ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарлаа. Ойрын хоногуудад цочир хүйтэн хэвээр үргэлжлэх бөгөөд шөнөдөө 36-41 хэм хүйтэн хонож байна. Цаг уурын энэ эрс хүйтэн, цасан шуурганы улмаас 11-р сарын 27-ноос эхлэн 29-нд шилжих шөнө хүртэл  мал хорогдох, гэр нурсан зэрэг хохирол гарчээ. Тухайлбал,

  • Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн Цагаан чулуут хэмээх газарт 11-р сарын 27-нд 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсны улмаас нэг өрхийн 60 бог мал хорогдсон тухай мэдээллийг 11.28-ны  16:20 цагт хүлээн авчээ. Тус сумын харьяат Б-ийн 60 бог мал цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
  • Ховд аймгийн Дөргөн сумын Агвааш багийн Цахир хошуун гэдэг газарт 11-р сарын.27-ны 02:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 70 орчим бод мал хорогдсон тухай мэдээллийг 11.28-ны 16:20 цагт хүлээн авсан. Увс аймгийн Наранбулаг сумаас отор нүүдлээр явсан 10 өрхийн 72 үхэр цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
  • Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн Толийн хөх толгой хэмээх газар аймгийн төвөөс урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т 11-р сарын 27-ны 23:30 цагийн орчимд 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурснаас нэг өрхийн 75 хонь, 9 ямаа хорогдсон тухай мэдээллийг 11-р сарын 28-ны 17:15 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат М-ийн 75 хонь, 9 ямаа цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
  • Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн Хөхийн-Эвэр хэмээн газарт 11-р сарын 27-ны 16:00 цагийн орчимд 14-16 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас хоёр гэр нурж унасан тухай мэдээллийг 11.27-ны өдрийн 17:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Цасан шуурганд иргэн Э, Б нарын таван  ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна