“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн элч болж, дэлхийд Монголоо цуурайтуулсаар явна

Moderator
2022/11/25

 Монголоороо овоглогддог “The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн энх тайвны төлөөх уран бүтээлчид /UNESCO's Artists for Peace/ боллоо.
Энэхүү нэр хүндтэй шагналыг гардсан “The Hu” рок хамтлагийн хувьд монголчуудынхаа анхдагч болоод зогсохгүй дэлхийд, хөгжмийн урлагт ч шинэ түүх бичиж байгаа юм.
Учир нь, “The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн Энх тайвны төлөөх уран бүтээлч гэх шагналыг хүртэж, элч болж буй анхны рок хамтлаг.

 

“The Hu” хамтлагийн хувьд дэлхий нийтэд Монгол Улсыг сурталчлан таниулж, үндэсний хөгжмийг рок дуугаралттай хослуулан, өв соёлоороо баяжуулж Монгол рок буюу Хүннү рок урсгалыг түгээсээр яваа.
Тэдний дуу, хөгжмийг сонсохын тулд фенүүд нь Монгол хэл, соёлыг судалж, орчин цагийн Монголын талаарх мэдээллийг үзэж, судалж, сонирхдог болжээ. Энэ тухай Youtube хуудсанд байршуулсан “The Hu” хамтлагийн клип, уран бүтээлийн доорх сэтгэгдэлүүдээс төвөггүй харж болно.



Энэ бол “The Hu” хамтлагийн залуус Монголын үндэсний өв соёлыг орчин цагийн рок урсгалтай нэгтгэн түгээн дэлгэрүүлэх үйлсийг гүйцэтгэж байгаагийн илрэл.
Түүнчлэн “The Hu” хамтлагийн залуус уран бүтээлээрээ дамжуулан байгаль дэлхий, ус, ургамал, ан амьтныг хайрлан хамгаалах үзэл, соёлыг бий болгож өөрсдийн түүхээ бичиж байна. Энэ түүхийн нөлөө, хөгжмийн урсгалаар дамжуулан дэлхий нийтэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг, ямар ч үндэстэн, ястан бүгд тэгш эрхтэй байх ёстойг өөрсдөө үлгэрлэн харуулж байгаа.
Учир нь, ази тив, хөгжиж буй Монгол Улсын рок хамтлаг өнөөдөр дэлхийд шүтэгдэж, уригдаж, улам бүр тод ассаар явна.
Бүр сонссон хүний сэтгэлийг сэргээж, урмыг бадрааж, амьдрах итгэл найдвар өгсөөр яваа. Энэ тухай мөн л тэдний фэнүүд нь бичиж байна. Аутизмтай ач хүүгийнхээ өмнөөс 75 настай, чавхдаст хөгжимчин өвөө нь бичсэнийг та харж байна.
Энэ бол тэд хүн төрөлхтнийг өөрсдийн дуу хөгжмөөр хэрхэн өөрчилж, сэтгэлийн урам зориг өгч буйг харуулах биз ээ.
“The Hu” өнөөдөр дэлхийд данстай болох суурийг тавьсан хүн бол мэдээж тэдний продюсер, МУГЖ Б.Дашдондог. Тэр “The Hu” хамтлагийг дэлхийд гаргахын зэрэгцээ Хүннү рок урсгалыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө одоо ч хамтдаа хичээж яваа. Мөн тэдэнтэй хамтран ажилладаг, менежер Тэмүүжин, Солонго нарын нөр их хөдөлмөрийн үр дүн гэхэд буруутахгүй биз ээ.
Дашрамд сонирхуулахад “The Hu” хамталгаас өмнө бидний сайн мэдэх Селин Дион, Ширли Басси, Английн алдарт дуучин Сара Брайтман, “Gipsy Kings” хамтлагийн үүсгэн байгуулагч, хөгжимчин Чико Бучихи, дуучин Алсу, төгөлдөр хуурч Денис Мацуев нар ЮНЕСКО-гийн энх тайвны төлөөх уран бүтээлчээр тодорч байжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна