Одоо яана даа, ЖДҮ-чин гэгддэг Н.Цэрэнбат “Оюу толгой”-н ТУЗ-д орчихлоо

Moderator
2022/11/15

“Оюу толгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-д БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат ажиллахаар болжээ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын Засгийн газрын 34 хувийг төлөөлж гурван гишүүний нэг З.Ган-Очир өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа аж. Тиймээс түүний оронд "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Н.Цэрэнбатыг ажиллуулахаар болсон байна. Өөрөө сонгон шалгаруулалтаар ТУЗ-ийн гишүүн болж байсан З.Ган-Очирын оронд шүү дээ. 

Н.Цэрэнбатын хувьд УИХ-ын 2020 оны сонгуульд нутагтаа нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Увсынхан нутгийн нэр баастсан ЖДҮ-чин гээд мань хүнийг дэмжээгүй гэсэн үг л дээ.

Түүнээс хойш МАН-ын дарга нарын өрөөний үүдийг сайн ч сахисан, их ч гүйсэн. Эхлээд Төрийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болох гэж баахан гүйсэн. Амжилт олж чадаагүй болохоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.

Хөөрхий түүнд авсан албан тушаал нь таалагдаагүй юу, өөрт наалдах ашиг, орлого нь бага байсан уу өнгөрсөн жилийн аравдугаар сараас “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон билээ.

Мэдээж “Эрдэнэс Оюу Толгой”-н үндсэн зорилго, өмнө нь тус компанийн  гүйцэтгэх захирал “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д ажиллаж байсан жишиг зэргийг харгалзан Н.Цэрэнбатыг Монгол талын ТУЗ-д оруулсан байх.

Гэвч эргээд үүргээ ухамсарлаж, хариуцлагатай байж чадах эсэхийг нь нягталж, тооцох л ёстой. Мань Н.Цэрэнбатын хувьд хаана ч уснаас хуурай гарчихдаг гэдгээрээ алдартай нэгэн гэдгийг мартах учиргүй. Хамгийн ойрын жишээ л гэхэд монголчуудын нийтээрээ мэдэх болсон ЖДҮ-ийн асуудал.

Тухайн үедээ ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрийн болон хамаарал бүхий компанидаа их хэмжээний зээл авсан 49 гишүүний нэг нь УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гэгдэж байв. Тодруулбал, 2018 оны долоодугаар сарын 5-нд “Баруун загвар” ХХК-д 160, мөн оны долоодугаар сарын 9-нд “Баян таван тэс” ХХК-д 250, мөн оны есдүгээр сарын 21-нд “Аргалантын хур” ХХК-д 600 сая төгрөг гээд нийт нэг тэрбум 10 сая төгрөгийн зээл гаргуулж авсан гэгдэж байв.

Мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 2016-2017 онд мэдүүлсэн ХОМ-т нь дурдагдсан “Булган буудайн түрүү” ХХК нь ЖДҮХС-гаас 600 сая, түүний хувь эзэмшдэг гэх “Хархираан хөгжил” ХХК нь нэг тэрбум, “Наму дэвжих” ХХК 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд хэвлэлд нийтлэгдэж байсан нь саяхан шүү.


Гэвч Н.Цэрэнбаттай холбоотой зургаан компанийн нийт зээлийн хэмжээ 4.2 тэрбум төгрөгт хүрсэн байдаг ч түүний талаарх мэдээлэл ч, түүнийг хэрхэн хянаж шалгаж ямар үр дүнд хүрсэн мэдээлэл ч хаалттай болж, мань хүн өдгөө албан тушаалд “сорчлон” залардаг л болж дээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2022/11/16

    Ene Zerenbat gegch hogiig zailuulaachee !!!!!!!!!!!!!

    Хариулах