АН-ын жүжиг буюу анархизм

Moderator
2022/11/14

УИХ-ын сөрөг хүчин буюу АН-ын бүлгийн гишүүдийг хүчтэй байгаасай гэж хүсэх хүн олон. Угаас сөрөг хүчин “том” эрх баригчид хуулийн дагуу ажиллана.

Гэтэл өнөөгийн УИХ-д байгаа сөрөг хүчнийхэн ердөө “бид байгаа шүү” гэдэг мессежийг олон нийтэд өгөхөөс хэтрэхээ байлаа. Тиймээс ч АН-ын энэ байдлыг анархизм гэчихэд хол зөрөхгүй л болов уу. Ёс суртахуун, улстөрийн замбараагүй байдлыг нэрлэх энэ үгийг зөвхөн АН-ынханд зориулах нь үнэнд нийцэх ч биз.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийн төслийг эцэслэн баталсан өдөр байлаа.
АН-ын бүлгийн гишүүд гэнэтхэн төсөвтэй холбоотойгоор мэдээлэл хийсэн.
Ингэхдээ УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН ирэх оны төсвийн төслийг анхнаас нь эсэргүүцэж ирсэн. Иргэд ядуурч, улсын өр нэмэгдэж дампуурах эрсдэлтэй боллоо. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол өнөөдөр хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Эрх баригчдын төсөв санхүүгийн хүрээнд баримталж байгаа бодлого буруу байна. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс амлалтаа ажил хэрэг болгож, биелүүлэхийг шаардаж байгаа юм. 2023 он гарангуут төсвийн тодотголын асуудал яригдах нь. Бид улсаараа дампуурах нөхцөл байдал ойрхон болоод байна. Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөөд батлаад явж байна. АН-ын бүлгийн зүгээс удаа дараа акцууд гаргаж, сануулсаар ирсэн.” гэж ирээд л ярьж байна билээ.
Тэдний тэрхүү жүжгийн хэсгийг хараад “ёстой уучлаарай” гэх хүн олон байсан биз ээ.
Тодруулбал, Засгийн газар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг есдүгээр сарын 29-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш АН-ын бүлэг асуудал байсан болон олны анхаарал оруулах цаг хугацаа хангалттай байсан.
Харамсалтай нь, зөвхөн өөрсдийн тойрогт хэдэн төгрөг тусав гэж шимтсэнээс нийт монголчуудын төлөө дуугаралгүй шахам явсаар ирсэн.
Эцэст нь төсөв батлагдмагц, гэнэт ухаарсан мэт мэдээлэл хийсэн нь АН-ын бүлгийнхэн зөвхөн жүжиг тавьж байгаагаа баталсан. Энэ мэт УИХ-аар хэлэлцэх аливаа хуулийн төслийг гишүүдэд урьдчилан тарааж өгч, хэдэн удаагийн хэлэлцүүлэг дамнан яригдсаар байхад чимээгүй байснаа алх тогшиж, батлагдсаны дараа баахан гомдол нэхдэг боллоо. Ердөө өөрсдийн бүлгээ цэгцэлж, улстөрд анхаарахгүй бол сөрөг хүчингүй шахам яваагийн төлөө МАН-ыг хичнээн гоочлоод яах вэ дээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.124.134
    2022/11/14

    Санал бодлоо эрт хэллээ гээд хүчирхэг маанаг 62 хүлээж авлаа юу

    Хариулах