Г.Гангамөрөн дарга аа, ЖДҮ-чдийг ашиглан мөнгө хамах гээд хэрэггүй

Moderator
2022/11/02

Аз жаргалтай Улаанбаатарт амьдрахын тулд ард иргэд НИТХ-ын төлөөлөгчөөр хэдэн нөхрийг сонгосон. Харамсалтай нь, дарга л болох зорилготойгоос даанч олон нийтээ бодох сэтгэлгүй, чадваргүй хүмүүс байж.

Тэдний нэг нь “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв”-ийн дарга Г.Гангамөрөн. Яагаа вэ, орон нутгийн сонгуулийн үеэр түгжрэлийг ашиглаад машиндаа хоол хийж өөрийгөө сурталчлаад болохгүй бол хакердаад ч хамаагүй НИТХ-ын төлөөлөгч болно гэж байсан хүн шүү дээ.
Тэр аль 2020 онд НИТХ-ын төлөөлөгч болсон ч өнөөг хүртэл нийслэлийн ажилдаа дадаагүй л явна.
Тиймдээ ч “...Нийслэлээс зарладаг шахмал түлшний шуудай үйлдвэрлэх тендерт 1000 оёдолчныг нэгтгэсэн кластер үйлдвэр оролцоход л 11 тэрбум төгрөг гадагшаа урсахгүй юм даа...” гээд ярьж байгаа биз.
Үнэндээ шахмал түлшний шуудайг аль хэдийн дотооддоо үйлдвэрлээд эхэлчихсэн, нийлүүлэлт нь ч хийгдээд явж байгаа.
Тодруулбал, “Таван толгой түлш” компани өнгөрсөн онд “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих жил” гэж зарлаад, тендер зарлаж байсан. Харамсалтай нь шаардлага хангах байгууллага байгаагүй. Сүүлдээ “Таван толгой түлш” шуудай үйлдвэрлэгчдэд санал хүргүүлж, одоогоор нэг компани нийлүүлж байгаа. Тэр байтугай 2022 оны өвөлд зориулаад өнгөрөгч есдүгээр сард 400.000 ширхэг шуудайны захиалгаа өгчихсөн. Одоогоор 35 мянгыг нь авчихсан гэж байгаа.
Гэтэл өнөөх Г.Гангамөрөн үнэндээ нийслэлд хийгдэж буй ажлуудыг мэддэггүй гэдгээ баталж буй хэрэг.
Ингээд ч зогсохгүй “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв”-ийн дарга гэдгээрээ оёдолчдыг нэгтгэн кластер үйлдвэр гэх нэрээр мөнгө хамах арга сэдэж байгаа юм биз гэх хардлагыг ч төрүүлж байна шүү.
Бүтэн хоёр жил НИТХ-ын төлөөлөгч байхдаа хотын ажилдаа гаршдаггүй юм аа гэхэд гадарладаг болчхож амжихгүй л яваа юм байх даа, энэ Г.Гангамөрөн дарга чинь.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна