Хотын дарга, хуульч хоёрын хоршсон жүжиг амжилт олсонгүй

Moderator
2022/10/24

Өнгөрөгч баасан гарагт эрхэм хотын дарга Д.Сумъяабазар, хамтдаа явсан түүний Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нарын “жүжиг” бүтэлгүйтчихлээ. Тэр “Дугуй цагаан” орчмын тохижилтын ажил дууссан хэмээн нээхээр очоод уур бухимдал нь буцалж орхив. Өнөөх тохижилтын ажлаа хийх гэтэл нь “Энигма” гэгч эрх мэдэлтэй том компани гацаачихсан юм байх. Тийм ч болохоор хэвлэлийнхний дэргэд “Энигма” компанийн зөвшөөрлийг цуцалж, байгаа барилга байшинг нь нураа, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг дууд, яамных нь харьяа газарт зөвшөөрөл олгочхож, нийтийн эрх ашгийн төлөө хувийн өмчийг яасан яадаг юм бэ гэх нь холгүй дайрна билээ.


Харамсалтай нь, энэхүү жүжиг нь хэдхэн баримтаар үгүйсгэгдэж мань даргын үнэн төрх илчлэгдчихлээ.

Хамгийн наад зах нь “Дугуй цагаан” орчимд машин замтай хамт, үргэлжлүүлэн дугуйн болон явган хүний зам тавина гэж төлөвлөсөн. Гэтэл тусгай зөвшөөрөлтэй зургийн компаниар төлөвлөж, хийлгэсэн төсөл, зураг байхгүйн дээр холбогдох газруудаас зөвшөөрөл аваагүй. Мөн Дархан цаазат газар тохижилтын ажил хийж байгаа атлаа бохирын зураг, байгаль орчны үнэлгээгүй хийлгэлгүйгээр цооног хийн булах гэж байна. Уг нь тухайн хэсгийг төвийн бохирт холбох боломж хангалттай байгаа аж. Хамгийн хачирхалтай нь газар нь БОАЖЯ-ны харьяа гэсэн хэр нь тэндээс газрын зөвшөөрлөө аваагүй. Тэгсэн хэр нь нийслэлийн төсвөөр аль хэдийн ажил гүйцэтгээд эхэлчихсэн.


Эдгээрийг огт шалгахгүйгээр нийслэлийн төсвийг үрэн таран хийчхээд одоо болохоор БОАЖ-ын сайдыг дууд гэж ирээд загнаж байгаа юм.


Ингээд ч зогсохгүй эргүүлээд харахаар “архичдын үүр уурхай” болсон гэгддэг амралтын газар нэртэй “Энигма” компанийн гэдэн гэрийг мөн л нийслэлийн төсвөөр нурааж, хогийг нь иргэдийн татварын мөнгөөр зөөсөн. Мэдээж олон нийт тухайн үед Хотын даргад талархаж алга ташиж байсан. Сая буюу баасан гарагт ч ялгаагүй Д.Сумъяабазар даргын хэлсэнд итгэн нийтийн эрх ашгийг бодсонгүй хэмээн “Энигма”-г үзэн ядаж эхэлсэн.
Гэвч Хотын даргын хэлсэн үг нь “Энигма” компанийн илүү “том” эрх ашгийг хаацайлахын төлөө аж.
Учир нь, Хотын дарга 2021 оны 04 сарын 19-ний өдөр “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан бөгөөд “Хот төлөвлөлтийн болон барилгын норм дүрмийн шаардлагыг зөрчиж барилга барьсан иргэн, хуулийн этгээдийн жагсаалт”-ыг баталсан.

 
Тухайн жагсаалтад “Энигма” ХХК-ийн нэр дээрх сургалт, үйлчилгээний барилга, “Монголын Үндэсний Их сургууль”-ийн газар доорх автомашины дулаан зогсоол, МҮИС-ийн нэр дээрх сургууль, иргэн Л.Хонгорзулын эзэмшилд баригдах номын сан зэрэг 220 барилга, байгууламжийн ажлыг зогсоохоор захирамжилсан байв.

 
Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 10-нд А/1295 дугаартай захирамж гарган өмнөхийн хавсралтад багтсан “Энигма” компани болон МҮИС-ийн барилгуудын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгожээ.


 
Энэ тухай нь тодруулсан сэтгүүлчийн өмнөөс Хотын дарга Д.Сумъяабазар, “МҮИС-ийн хууль зөрчсөн дөрвөн барилгыг зөрчилтэй барилгын жагсаалтаас хасах захирамж гаргаагүй. Тэдний хамаарал бүхий “Энигма” ХХК-ийн барилгуудыг буулгах ёстой. Үүнийг ёстой хараарай” гэж хэлэх, занах дундуур их л бухимдан хэлэв.


Харин Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хотын дарга 1296 дугаартай захирамж гаргаагүй. ulaanbaatar.mn мэдээллийн сайтад Хотын даргын гаргаагүй захирамжийг оруулсан асуудлыг судална. Ямар учраас тэр мэдээллийг сайтад оруулсан гэдгийг нь мэдэхгүй байна” гэж мэлзэж байна билээ.


Уг нь тэдний хувьд нэгэнт баримтаар баталгаажчихсан байхад тийн жүжиглэх ямар ч шаардлагагүй баймаарсан. Тиймээс л Хотын дарга Д.Сумъяабазар “Энигма”-гийн өмнө бөхөлзөхийн тулд олон нийтийн анхаарлыг “Дугуй цагаан”-ы тохижилтын ажил руу хандуулж байгаа биз ээ. Үнэндээ одоо тэдэнд “занаад хэрэггүй, захирамж, баримт чинь байна” л гэж захья даа.

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.94.99
    2022/10/24

    Энигма Боловсролын яамнаас яаж олон зуун мэргэжлийн зевшеерел авсныг АТГ шалгавал их юм гарнадаа!!!

    Хариулах
  • 59.153.115.129
    2022/10/24

    олигтой шиг ганц аятайхан юм хийчихгүй юм даа хайран мөнг одоо болимоор юмаа

    Хариулах