Аав нь жавхаатай, ганган цэрэг явлаа...

Moderator
2022/10/12

Цэргийн алба хааж байгаа залуучуудын эрүүл мэндийн талаар сэтгэл шимшрүүлэм тоо баримт сонсов.

“Сүүлийн 4 жилийн хугацаанд хийсэн судалгаагаар хөдөө орон нутаг болон нийслэлээс ирж буй залуучууд эрүүл мэндээрээ тэнцэлгүй төв дамжин дээрээс буцах тохиолдол 10-11%-тай байгаа гэнэ. Мөн 2022 онд цэргийн алба хааж байгаа албан хаагчид хугацаанаасаа өмнө эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх асуудал өмнөх жилүүдээс 2 дахин нэмэгдсэн байна. Мөн залуусын өвчлөлийг судалж үзэхэд 42% нь цэргийн албанд ирэхээсээ өмнө архаг хууч өвчтэй, зовуурь нь илрээгүй ирдэг. Ингээд цэргийн албанд татагдаж алба хаах явцдаа ачаалал авах үед өвчин нь сэдэрч улмаар албаа хаах боломжгүй болдог гэсэн байв.
Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн дарга, дэд хурандаа Б.Болор-Эрдэнэ зүгээр ч нэг ийм тоо баримт хэлчхээгүй нь мэдээж бөгөөд түүний энэ үгнээс өнөөгийн залуусын эрүүл мэнд, бие бялдар хэрхэн байгаа нь харагдаж буй юм.
Залуус ийнхүү өвчин хуучтай байгаа нь ихэнх эцэг эх хүүхдээ багад нь үнсэж, үлгэж өхөөрдөж, хайрладаг хэрнээ өсвөр насанд анхаарлаа сулруулдагтай холбоотой гэвэл толгой дохих хүн олон байх биз.
Товчхондоо бол “тэр яахав эрэгтэй хүүхэд...” гэх хандлагаар ханддагтай нь шууд холбоотой.
Дээхэн үед бол хөвгүүдтэй айлын аав хашаандаа турник зоочхоод “Цэрэгт очоод “могой орооно, зургаа дарна, сонс эргэнэ. Одооноос бэлд...” гээд зарим аавууд өөрсдөө ч үлгэрлэдэг байв. Цэргийн нас руу дөхөөд ирэхээр нь өглөө эрт босгож сургахын зэрэгцээ 1000-3000 м-ийн зайд гүйлгэх зэргээр хөвгүүдээ цэргийн албан тэнцүүлэх гэж ажиллаж, бэлддэг байлаа.
Тэгвэл өнөөдөр хөвгүүдээ тийнхүү бэлддэг нь хэр олон бол. Хөвгүүд сул дорой биетэй, ачаалал даахгүй байгаа нь эцэг эхчүүдийн ухамсар, мэдлэг, цаашлаад эх орноо гэх сэтгэлтэй нь шууд холбоотой гээд хэлчихэд нэг их хэтийдсэн болохгүй биз ээ.
“Хүү төрлөө” гэж баярладаг. Тэгвэл тэр л баяр хөөр эрчээрээ хүүгээ эрүүл хүн болгож өсгөөрэй. Учир нь тэд таны удам судрын үргэлжлэл. Тиймээс “Тэр яах вэ, эрэгтэй хүүхэд...” гэх хандлагаа гээцгээе. Хөвгүүд маань таны, миний хүү, бас эх орны хөвгүүд шүү дээ. Тэгээд ч хөвгүүд тань хожим нь хүүхдүүдэдээ "Аав нь жавхаатай, ганган цэрэг явлаа..." гэж нүүр бардам хэлэг л дээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.24
    2022/10/12

    Nz ohin ni jiremsen derees ni oroo biy muutai hvnig hvrtel hvcheer tentsuuled....????

    Хариулах
  • 66.181.161.24
    2022/10/12

    Vzlegt oruulaad tentseegvi hvvhdvvdig alban hvcheer awj yawhn yu gsn vgiin be yagaad ingj bgn

    Хариулах