​ Сармагчны цэцэг өвчний тархалт онц байдал дуудаж байна

Moderator
2022/08/11

Дэлхий нийтэд халдварт өвчний тархалт хамгийн том аюул дагуулсаар байна. Олон улсад коронавирусийн дэгдэлт саараагүй, эдийн засгийн эрсдэл ч арилаагүй байхад Monkeybox буюу сармагчны цэцэг өвчин гэх халдвар хурдацтай тархаж байгаа нь эрүүл мэндийн байгууллагуудыг түгшээж эхэллээ.
Шил шилээ даган хурдацтай тархаж буй халдварт өвчнүүд дэлхийн эдийн засаг, хүн ам зүйн аюулгүй байдалд маш том хохирол учруулж байгаа юм
Тухайлбал одоогоор сармагчны цэцэг өвчний 28100 тохиолдол дэлхий нийтэд бүртгэгдээд байна. Тус өвчнийг 1958 онд сармагчнуудын дунд халдварладаг өвөрмөц өвчин болохыг илрүүлсэн бол 1970 онд хүнд халдварладаг гэдгийг тогтоосон байдаг. Халдварын талаарх баримтууд:
• Халдварлалтын байдал: Өвчтэй амьтантай ойр харьцах болон шарх, биеийн шингэн, агаар дусал, бохирдсон ор дэрний цагаан хэрэгсэл зэргээр дамжин нэг хүнээс нөгөөд халдана.
• Илрэл: Уг өвчин нь салхин цэцэгтэй төстэй бөгөөд илүү хүнд өвчлөл үүсгэж, өвчний үед халуурах, тууралт гарах, лимфийн зангилаа хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Шинж тэмдэг нь 5-21 хоногийн дотор мэдэгддэг ба үргэлжлэх хугацаа нь ихэвчлэн 14-28 хоног байдаг аж.
• Тархалт: Сармагчны цэцэг өвчин нь голчлон төв болон баруун Африкийн халуун орны ширэнгэн ойд тархдаг байсан ч одоогоор Европын орнуудад хамгийн их тархаж байна.
• Аюул: Сүүлийн үед нас баралтын тохиолдол 3-6% орчим байгаа бөгөөд дархлаа сул хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдэд халдварласан тохиолдолд хүндрэх магадлал өндөр аж.
• Эмчилгээ: Одоогоор дээрх өвчнийг эмчлэх тусгай вакцин, эмчилгээ гараагүй байна. Гэхдээ салхин цэцэг өвчний эсрэг вакцин нь сармагчны цэцгийн халдвараас урьдчилан сэргийлэх, өвчний хүнд явцыг бууруулахад 85% үр дүнтэй байгааг тогтоожээ.
Түүнчлэн АНУ-д Сармагчны цэцэг өвчний тархалттай холбоотойгоор Нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлаад буй юм. Мөн хөрш орон ОХУ-д тус өвчний тохиолдол зөөвөрлөгдөн бүртгэгдсэн ч, эрсдэл бага байгааг мэдээлж байв.
Манай улсын эрүүл мэндийн байгууллагаас Сармагчны цэцэг өвчний эрсдэлийн үнэлгээг 2 дахь удаагаа хийсэн бөгөөд хэрэв халдвар бүртгэгдвэл тархах эрсдэл “дунд” гэж тооцоолж байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.120
    2022/08/11

    Сайн мэдээ Түгээ...Хувхай өвчнүүд Мэдээллэж яана бэ...Түүгээр яваа гайг Үүгээр бүү дууд...Айдас Хүйдэс...Гай...

    Хариулах