Санасандаа хүрсэн бол сарвайснаа ав

Moderator
2022/08/10

Санасандаа хүрсэн бол сарвайснаа ав
Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас өнөө, маргааш биш гэлээ ч ойрын хугацаанд гарчих боломж нээгдлээ. Учир нь, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхахдаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцсон талаар мэдээлж байна.
Үеийн үед улстөрчдийн хэрүүлийн алим болж ирсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулснаар баруун бүсийн болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах бөгөөд их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжих бололцоотой. Мөн баруун бүсийн аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь хангагдаж, энэ хэрээр улсын төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэнэ гээд тооцвол үр дүн өндөр.
Зүгээр энгийнээр тайлбарлахад л баруун аймгууд гаднаас эрчим хүч “царайчлахгүй” гэсэн үг.
Мөн яг одоо манай улсад айлчилж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешд Ерөнхий сайд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэ төслийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүссэн.
Ноён А.Гутерреш “Хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлнэ” гэдгээ илэрхийлжээ.
Ингээд бараг 30 гаруй жил гацаанд орсон Эгийн голын УЦС-ын ажил ч гараанаас гарах дөхөж байна гэсэн үг.
Учир нь, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэвлэл мэдээллийнхэд хандан хэлсэн үгэндээ “Монгол Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч болох боломжтой. Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн боломжуудыг бий болгож чадна гэж би үзэж байна. Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой юм.” гэсэн.
Тиймдээ ч Ерөнхий сайдтай уулзах үеэр НҮБ бодлогын дэмжлэг үзүүлнэ хэмээсэн биз.
Энэ бол монголчуудад үзүүлж буй маш том боломж. Тиймээс дараалсан айлчлалын үр дүнг даруйхан хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар тууштайгаар, тулгамдсан асуудлуудаа цэцэглэх шаардлагатай болж байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.120
    2022/08/10

    ....Санаа нь Зөв бваас...Заяа нь Зөв гэдэг....Сэтгэлд нэг л баясалтай...Намрын ногоон...Дулаан өдрүүд Үргэлжилсэ эр...Баясаа

    Хариулах
  • 66.181.160.120
    2022/08/10

    ...Төр...ЗГ..Е С...дадаа Талархаж бна...Амжилт хүсэе

    Хариулах