У.Хүрэлсүх:Саруул ухаант, өндөр заяат Миний монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол, дэлгэр сайхан наадаарай

Moderator
2022/07/11

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхэллээ.

Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэдээ, дэлхий даяар тархан суугаа элэг нэгт Монгол ахан дүүсээ!

Эзэн гүрний гал голомт манай сайхан оронд морилон саатсан эрхэм хүндэт зочид, эрхэм хүдэт наадамчдаа

Эцэг тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, олон түмний сэтгэл тэнийсэн дэлгэр сайхан зун цаг монгол эх оронд минь айлчлан ирж, монгол түмний их баяр цэнгэл үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

Монголчууд бид төрт ёсныхоо энэхүү түүхэн их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг хамтатган тэмдэглэж байна.

Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн эрх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж, мөнх тэнгэрийн хүчин дор төр улсаа бататган бэхжүүлж дэлхийн дайдад суу алдраа дуурсгаж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн юм. Энэхүү баатарлаг түүхий үргэлжлэл болсон босоо заяат монгол түмэндээ төрийн их баяр наадам цэнгэлийн өндөр төрийн  таширлан давхацсан тэгш сайхан ойнуудын бахдам сайхан мэндийг өргөн дэвшүүлье.

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Үндэсний их баяр наадам бол Монгол төрийн оршин тогтнохуй, тусгаар тогтнолын бэлэгдэл, Монгол Үндэсний эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ. 

Эрхэм хүндэт наадамчдаа 1911 оны Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд харийн эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулж, Ардын Засгийн анхны наадмаа хийснээс хойш эдүгээ нэгэн зууныг үджээ. 

Өнгөрсөн зуун жил бол улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан, тусгаар тогтнол хөгжил дэвшлийн агуу зуун байлаа. Ирж буй шинэ зуунд Монголчууд бид ололт амжилтаа бататгаж, ардчилсан төр улсаа улам бэхжүүлж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа ханган хөгжил дэвшлээрээ хүн төрөлхтөнд үнэлэгдсэн хүчирхэг Монгол Улс болон хөгжихийн төлөө ард нийтээрээ хамтдаа зүтгэцгээе.

Миний Монголын ард иргэдээ энэхүү түүхэн жил төрт ёс түүх соёл, монгол цаазын дор Монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай, төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсыг байгуулан, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амагланг дэлхий ертөнцөд цогцлоосон, эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна. 

Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн Богд Чингис хааны их хөргийг Монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн ЗАРЛИГИЙГ Төрийн тэргүүн буулгаж байна. 

Их хааны сүр хүч, билиг оюуны суу алдар Монголчууд бидний зүрх сэтгэлд бадамлан асаж, Монгол төрийн гал голомтыг өнөд мөнхөд бадраах болтугай. 

Агуу түүхт нүүдэлчдийн гал голомтыг сахин суугаа Монголчууд бид төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа Мөнх тэнгэртээ мандуулж, уяхан замбитивийн наранд уртын дуугаараа мялааж, эх дэлхий, уул ус, хүнд ардадаа, дэлхийд ганцхан Монгол наадам ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхэлж байна. 

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж

Аргамаг хурдан хүлгийн төвөргөөн тал нутгаа донсолгож 

Эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэрээ эсгэрч

Саруул ухаант, өндөр заяат Миний монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол, дэлгэр сайхан наадаарай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна