"Энх саран" сувиллын асуудлыг ил болгосон Д.Мөнхбат шүүхэд яллаа

Moderator
2022/06/30

“Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирус туссан гэж үзэж буйгаа сошиал орчинд илэрхийлсэн иргэн Д.Мөнхбат Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр ялалт байгуулжээ.

Тэрбээр энэ талаараа "Tөрийн албан тушаалтны иргэнд учруулсан гэм хорын хохирол барагдуулах миний хүсэлтийг шүүх дэмжлээ. Бүтэн нэг жил зургаан сар эрүүгиийн, зөрчлийн, иргэний хэргээр шүүх, цагдаа, прокурорын байгууллагаар явлаа. Эцэст нь “үнэн” яллаа. Үнэн ялдаг, үнэн хүчтэй, үнэнээс зугтах арга үгүй.
Яллагдагчаар татагдах тогтоол унших, мэдүүлэг өгөх гэж дуудагдах, шүүхийн танхимд шүүгчдийн шийдвэрийг хүлээн суух хором мөч бүхэнд хийсэн үйлдэлдээ харамсалгүй үнэн ялна гэдэгт итгэсээр ирсэн. Харин ганц тохиолдолд хийсэн үйлдэлдээ харамссан нь гэр бүл ойр дотнын хүмүүсээ надаас болж зовж, шаналж байгааг харах тэр мөч. Удахгүй мэс засалд орох гэж байгаа бие муутай ээжийг минь цагдаагийн алба хаагч дуудан ирүүлж мэдүүлэг авахад хөөрхий ээжид минь ямар хүнд цохилт байсан бол. Олон сар жил уулзаагүй хүү нь гадаадаас ирэхдээ хүнд өвчин тусаад эмнэлэгт байгаа, хүү чинь гэмт хэрэг хийсэн мэтээр айж уймарсан ээжээс минь баахан асууж байцаасан байхдаа гэж бодон, бодон сэтгэл харанхуйлдаг. Шүүх, цагдаагийн энэ үйл явц зөвхөн надад хүнд хэцүү санагдах боловч тэр үед миний ойр дотнынхонд л хамгийн хүнд байсан даа.
Шударга амьтан болж попорч энд, тэнд худлаа орилж лайв хийх хүсэл сонирхол надад огт үгүй билээ. Үнэнээс зугтах аргагүй мөн үнэн хэзээд ялдаг гэдгийг мэддэг хүн бүхэн тухайн үед над шиг үйлдэл гаргах байсан биз ээ. Үнэн өвтгөдөг, үнэн хүчтэй, үнэн ялдаг бас үнэнээс зугтах аргагүй гэдэг. Эцэст нь нэг нүцгэн үнэн хэлэхэд бид нар өөрсдөө худалч амьтад шүү дээ. Улс төрчөөс нэхдэг ёс зүйгээ өөрсдөөсөө нэг нэхээд үзээрэй, амьдарч буй хороо дүүрэгт тань тулгамдсан асуудлын талаар төрийн байгууллагад бичгээр гомдол гаргаад хөөцөлдөөд нэг үзээрэй, жилд цөөхөн хийгддэг мэс заслын дараалалд эцэг эхээ оруулах гэж эмнэлгээр хөөцөлдөөд үзээрэй. Бид нар өөрсдөө асуудал дэвшүүлж чаддаг шигээ асуудлын шийдлийн нэг хэсэг болж амьдарч сурах хэрэгтэй. Надад хамаагүй гэж холдохгүй, асуудал дэвшүүлээд зогсохгүй би энэ асуудлыг шийдэхэд хэрхэн яаж оролцож болох вэ гэдгийг бодоод үзээрэй. Өөр хэн нэгэнд найдаж шийдэл хүлээж суух бус өөрөө шийдлийн нэг хэсэг болоорой.Эрүүл мэнд, санхүү, цаг хугацаа, боломж гээд олон зүйлээ алдсан гэхдээ олон сайхан хүмүүстэй учирлаа. Өмгөөлөгч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Би өөрөө өөртөө эргэлзэх үед ч надад эргэлзээгүй тусалж дэмжсэнд баярлалаа" хэмээжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.85.94
    2022/07/01

    HOSUTiin onoshilgoo n hudlaa, olon myangan huniig jiriin ulirliin haniadaar korona gej onoshilson. Ochnoon zuun eruul huniig koronatai gej hevtuulj 8 sayar emchilsen ner zuuj vit C ogood 14 honuulj gargasan. Gol n emchilgernii nuuts zadruulahgui gej barimtand gariin useg zuruulj baritsaalsan. Delhiid Mongol gantsaaraa 100% edgeej baisan onigoo baigaa. Tagnuuliingan ingej bayajsan emch nart yaliig n uuruulmeer baina.

    Хариулах
  • 202.72.245.202
    2022/06/30

    uneniig ilchilsen chamd bayrladag schuu!!!.

    Хариулах