УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас гаргажээ

Moderator
2022/04/15

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Н.Алтанхуяг, А.Адъяасүрэн, Б.Бейсен нарыг яллагдагчаар татаж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээлж байна. 

Тодруулбал, АТГ-аас Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргажээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн Банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан юм. Ингэхдээ хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул АТГ-аас тэдэнд Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлжээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр дээр дурдсан зүйл ангийн дагуу яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна