УИХ, Засгийн газрын гишүүд ээ, АМРАЛТГҮЙ ажиллаж, ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүл

Moderator
2022/04/11

Иргэдийн амьдралын чанар өдрөөс өдөрт уруудаж, залуус төв талбай дээр эрх баригчдыг ажлаа хийхийг сануулж жагслаа. Улмаар эрх баригч хүчний тэргүүн, Ерөнхий сайд энэ жагсаалд оролцогч залуусын шаардлагыг хүлээн авч "Ажлаа хийх" амлалт үүрэг авсан юм.  Үйл явдлын дараа өнгөрсөн амралтын өдөр ҮАБЗ хуралдаж, ард иргэд, залуусын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх, нэн яаралтай ажил хэрэг болгоход онцгой анхаарах тал дээр ажиллахаар тохиролцож...

Харин өнөөдөр Ерөнхийлөгч “Бид ниргэсэн хойно нь хашгирсан байдалтай байна. Би хоёр ч удаа гадаад, дотоод нөхцөл байдал, хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, шатахууны асуудалд анзаарч ажиллах шаардлагатай байгааг та бүхэнд сануулж хэлсэн. Ажлаа сайн хий гэж сануулж хэлсээр байхад ийм нөхцөл байдалд туллаа” гэсэн юм. Төрийн тэргүүний зүгээс УИХ, Засгийн газар ажлаа сайтар нягталж, харилцан уялдаа холбоотойгоор, хурдан шуурхай арга хэмжээ авч, дотоод нөөц боломжоо бүрэн ашиглаж, асуудлыг тодорхой шийдэхийг үүрэгдэв. 

Үнэндээ бол залуус талбай дээр гарснаас хойш сайд дарга нар асуудал шийдлээ эрэлхийлж, амрах завгүй ажиллах ёстой байв. Гэвч тэгсэнгүй. Амралтын өдрөөр ҮАБЗ хуралдсан болсноор төрийнхөн хоёр өдөр амрав. Эцэст нь Төрийн тэргүүн холбогдох дарга нарыг өрөөндөө дуудан шаардан, сануулав ... Ард иргэд нь ажлаа хийхийг сануулж, шаардсаар байхад ТӨРИЙНХӨН амарч тухлах заваар арвин амралтын өдрийг үдэж буй дүр зураг. 

Уг нь бол  УИХ, Засгийн газрын гишүүд амрах завгүй ажиллаж, шийдэл хайж, шийдвэр гаргаж, нэг цагийн өмнө ч болов улс орноо хямралт нөхцөл байдлын эсрэг арга хэмжээ авах ёстой байв. Залуус үүнийг л хүссэн. Назгайрсан, хэн нэгэнд найдсан, эсвэл бэрд гарч ирээд бүхнийг зохицуулчих мэтээр дахин нэг долоо хоногийг угтав. Ёстой Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн "Ор нэр төдий"  асуудлыг аргацаан өнгөрүүлж байх. Харамсалтай биз. 

Улс орон хямралт нөхцөл байдал цаг минутаар хэмжигдэж байхад УИХ , ЗГ амралтгүй ажиллаж шуурхай арга хэмжээнүүд авах нь зүйн хэрэг. Өнөөдрийн хүнд хэцүү цаг үеийн хувийн хэвшлийнхэн ажил амралтын өдрийг ялгалгүй, ажлын байраа хадгалж үлдэхээр хичээж байна. Гэтэл төрийнхөн ажлын таван өдрийг аргацаасан маягтай өнгөрүүлсээр байгаа нь дүр зураг...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна