Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганд зориулан шүлэг тэрлэжээ

Moderator
2022/03/01

Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганд зориулан яруу найрагч Ш. Сүхбаатар шүлэг тэрлэжээ. Э.Бадар-Ууганы хувьд 2008 оны Олимпод оролцож Монголын түүхэнд анх удаа боксын төрлөөр Олимпын алтан медаль хүртэж, дэлхийн шилдгийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарч байв. Энэ амжилтыг өнөө хэр монгол хүн давтаагүй байна. 

Өмнө нь 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2007 оны Ази тивийн аварга, улсын аварга, 2006 оны Оюутны дэлхийн аварга тамирчин. Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул.

ЭНХБАТЫН БАДАР-УУГАНД ӨРГӨХ ЭГШИГ ШҮЛГИЙН МЯЛААЛГА

Бадарсан их үйлийн амьд түүх
Бадаг шүлэг багадах алдар хүндлэл
Ард түмнийхээ сэтгэл дэх гунигийн үүлийг арчиж
Алаг зүрх догдлуулж, цөс хөөргөсөн эр
Дайчин хурц цохилтоороо хүчитнийг өмнөө сөгтгөж
Даян дэлхийд Монголоо дахиж сэрээсэн баатар
Армагийн дэлнээ тоглох адуучин аавын хүү
Араг үүрч галаа бадраах саальчин ээжийн үр
Рингэн дээрээ гарахаараа эзэн Чингисийн омогтой
Ромбо зүүх энгэртээ олимпын аваргын одтой
Ухаант өвөг дээдсийнхээ урьдын түүхийг сануулж
Улс Монголынхоо нэрийг таван тивдээ тамгалсан
Ухаалаг алаг нүдэндээ эрийн хийморь асааж
Удам залгах үрсээ аавын хайраар эрхлүүлсэн
Ганган залуу насны гайхамшигт амжилтын эзэн
Гарцаа нь үгүй бидний хайрлаж явах хүмүүн
Аз баярын дэнсэн дээр алтран дуурсагдах нэртэй
Аавын хүү хэнд ч дагаж дууриамаар үлгэртэй
Нээрээ бидний л ижил эгэл энгүүн монгол
Нэрий нь та андахгүй ээ Энхбатын Бадар-Ууган.

Ширчингийн Сүхбаатар

2022.2.21



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна