Халагдаж очоод сайн малчин, алдарт уяач болж, та хоёрыгоо баярлуулна

Moderator
2022/02/01

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Г.Моломжамц Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн алба хааж байгаа дайчин нөхдөө төлөөлөн Монголын ард түмэндээ захидлаар сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Захидалд “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, эх орныхоо 4 зүг, найман зовхист Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч, түрүүч нартаа айлчлан ирж буй билгийн тооллын XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн, сарын шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд суугаа хайртай аав З.Гомбодорж, ээж О.Оюунчимэг нартаа эр цэргийн ёсоор илтгэе. Байлдагч Г.Моломжамц миний бие сайн байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад алба хааж байгаа эх орны хөвгүүдийг төрүүлж өсгөн, өдий зэрэгт хүргэсэн бүх сайхан аав, ээж, ахан дүүст нь таны үр хүүхэд албандаа өнгө жавхаа, цог золбоотой сайхан байгааг дуулгая. Та бүхэндээ шувуудын цуваа нутаг нутгийг зорьж, сүрэг сүргийн төл дэлгэрсэн хавар цагийн мэндийг айлтгая. Атан тэмээнд ачаа тэнцүүлэх шиг жаргал зовлонг хамт үүрч, алагхан зүрхнийхээ цохилтоор амьдралыг арга билэг шиг хослон туулж, ачит хүүгээ нялх юм гэж өхөөрдсөн та хэддээ дуулгахад цэргийн алба гэдэг эр хүний заавал хаах алба юм байна. Энд ирээд бид эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан баатрууд, ахмад дайчдаараа бахархан омогшиж сууна. Эх орон эр цэрэг хөвгүүдээ дуудсан энэхүү дуудлага нь эх орноо амиараа хамгаалах эр зориг, эх нутгаа биеэрээ хамгаалах ухамсар, ээж, аавыгаа зүрхээрээ хамгаалах хайрыг түгээдэг юм байна” хэмээн онцолжээ. Мөн тэрээр хайрт аав, ээждээ “Эр хүний сэтгэлээс ховорхон гардаг ч энэ үгийг би одоо л хэлмээр байна. Аав, ээж минь та хоёртоо хүү нь хязгааргүй хайртай шүү. Халагдаж очоод улсын сайн малчин, алдар гавьяатай уяач болж, та хоёрыгоо баярлуулна аа” гээд Монгол түмний минь Цагаан сар амар амгалан, тэгш дүүрэн оршиж, хүн зон минь энх сайхан цагтай учран золгох болтугай гэж захидалдаа ерөөжээ.

Эх сурвалж: General Staff of the Mongolian Armed Forces


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна