СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН VII ХУРАЛДААН БОЛЛОО

Moderator
2021/12/17

Дүүргийн ИТХ-ын долдугаар хуралдаан буюу оны сүүлийн хурал өнөөдөр боллоо. Хуралд ИТХ-ын дарга Б.Хуягбааатар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын дарга, Засаг даргын орлогчид, дотоод болон харьяа хэлтэс албадын дарга нар оролцлоо. Энэ удаагийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2021 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцад үнэлэлт, дүгнэлт өгч, 2022 оны төсвийг баталж шийдвэрлэлээ.

Хурлын төгсгөлд “Сонгинохайрхан дүүргийн хувьд 2022 он бол их бүтээн байгуулалтын жил байх болно. Бид хороо бүрт бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, боловсрол, эрүүл мэнд болон тэргүүлэгч салбаруудын хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон талт хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчидтэй хамтран иргэдэд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэж, цаашид хэрэгжих томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлэн, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, ЗДТГ-ын баг хамт олон дүүргийн хөгжил цэцэглэлт, иргэдэд ээлтэй бодлого шийдвэрүүдийг гаргахын тулд ажлаас хойш суулгүй, эрчтэй, хурдтай ажиллах болно. Бидний өргөн барьсан 2022 оны төсвийг баталж, үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох шийдвэрүүдийг гаргасан нийт төлөөлөгчдөдөө баярлалаа. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье” хэмээн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцлов.

Харин энэ үеэр ИТХ-ын дарга Б.Хуягбаатар “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай танд төрийн үйлчилгээ, Төрийн үйлийг үргэлжлүүлэх үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье ерөөе. Бид бүхэн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит долдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулж дууслаа. 2022 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдээ Монгол Улсын 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бид Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль заалтуудад уялдуулан боловсруулж баталж байгаагаараа энэхүү хуралдааны онцлог байлаа” хэмээлээ.

Хурлаар

- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2021 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцад үнэлэлт, дүгнэлт өгөх тухай

- Сонгинохайрхан дүүргийн 2022 оны төсөв батлах тухай

- Сонгинохайрхан дүүргийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах

- Сонгинохайрхан дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна