​ "Монгол бахархлын өдөр"-ийн барилдаанд Улсын гарьд Ө.Бат-Орших хоёр дахиа түрүүлэв

Moderator
2021/11/05

17 дугаар жарны "Цөөвөр" хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан сайхан боллоо. 

УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Д.Мягмар, улсын начин Ц.Дуламсүрэн нарын зочид барилдааныг үзээж сонирхлоо. 

Барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан М.Бадарч, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, Б.Одгэрэл, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ Б.Зоригтбаатар, у.ө.и.н Ч.Батчулуун, Б.Орхонбаяр тэргүүтэй энэ цагийн шилдэг бөхчүүд зодоглов. Энэ барилдаанд аймгийн харцагаас дээш цолтой бөхчүүд зодоглож, аймгийн начин, сумын цолтнууд багтсангүй.  Улсын гарьд Ө.Бат-Орших найм даван түрүүлснээр Монгол бахархлын өдрийн барилдаанд хоёр дахь удаагаа тэргүүн бөхөөр тодров. Үзүүр бөх О.Хангай харцага гурав, тавын даваанд Б.Зоригтбаатар харцага, Б.Орхонбаяр начин нарыг амлан барилдаж, үзэгч олноо цэнгүүлэн баясгалаа. Их шөвөгт М.Бадарч заан, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарав.  Харин дунд шөвгийн наймд у.х Б.Одгэрэл, у.ө.и.н Б.Орхонбаяр, у.н Д.Хүдэрбулга, а.а М.Еркебулан нар үлдэв. 

Өчигдөрхөн Үндэсний спортын 14 холбоо нэгдэн Монголын Үндэсний Спортын Хороог шинэчлэн байгуулсан бөгөөд Тэргүүлэгчдийн нэгдсэн хурлаараа Монголын Үндэсний Спортын Хорооны Ерөнхийлөгчөөр МҮБХ-ны Тэргүүн Монгол улсын заан Ц.Магалжавыг 100%-ийн саналаар сонгосон байна. Өнөөдрийн барилдаан дээр Монголын Үндэсний Спортын Хорооны тамгаа албан ёсоор ерөнхийлөгчөөр сонгогдсон МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжавт гардуулан өглөө. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна