САЙХАН МЭДЭЭ: 12 настай Н.Содбилэгт насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Moderator
2021/10/26

Грек улсад болж байгаа шатар сонирхогчдын насанд хүрэгчдийн тэмцээнд өрсөлдсөн 12 настай Н.Содбилэгт есөн өргөөс 8.5 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Эл тэмцээнд түүнийг их мастер С.Билгүүн дасгалжуулжээ.

Энэ талаар түүний багш С.Билгүүн “Дасгалжуулагчийн хувиар явж буй анхны олон улсын тэмцээнд шавь Н.Содбилэгт бахдам амжилт үзүүлж есөн өргөөс 8,5 оноотой алтын дайтай мөнгө гэж байдаг бол тэр медалийг нь авсан юм. Шавийн маань гаргасан энэ амжилтанд эцэг эх, өмнөх дасгалжуулагчид болон шатар дэмждэг бусад хүмүүсийн оролцоо чамгүй их байсныг онцлох нь зүйтэй. Яаралтай үед бүх талын шуурхай дэмжлэг үзүүлж Визний асуудлыг шийдэж өгсөн МШХ-ны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Энхтуул эгчдээ, шатрын зүтгэлтэн Лүндээ ахдаа тусгайлан баярлалаа. Бид хоёрын сүүлийн нэг жилийн уйгагүй бэлтгэл сургуулилт шатрын хөлгийн ард тоглогдсон уран сайхан өргүүдээс гадна энгэртээ гялалзах медаль цомоор үнэлэгдсэнд багш нь маш их баяртай байна. Ирээдүй нь дардан, их спортын зорилго нь биелэх болтугай.

10 жилийн өмнө энэ тэмцээнд 14 настай хүү Монголоос төрсөн анхны аварга болж амжилтын түйчээ нь эхэлж байсан бол эдүгээ Их мастер цолтой ирээдүй хойч үеээ дасгалжуулаад явж байгаадаа баяртай байна” хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.