П.Анужин: Олны итгэл эвдсэн “хог”-оо эргүүлэн тат, Х.Ганхуяг аа. Гарын үсэг зурахад энэ заалт байгаагүй шүү

Moderator
2021/10/10

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хөрөнгө оруулалтын тухай хуульд туссан гадаадын иргэн 50.000 доллар төлөөд оршин сууж болох тухай заалтыг буцаан татахаа өчигдөр орой мэдэгдсэн.

Тэрбээр хуулийн төслийн ахлагч Х.Ганхуягийг хариуцлагагүй хандсан үйлдлийнхээ талаар тайлбар хийхийг шаардсан юм.

Тэгвэл тус хуулийг өргөн барьсан бас нэг гишүүн болох П.Анужин “Эх орон, Газар шороо, Тусгаар тогтнол, Эв нэгдэл, Үнэт зүйлийнхээ төлөө үхтэл зүтгэнэ. Зүтгэсээр ч ирсэн.

Хууль боловсруулагч Х. Ганхуяг болон боловсруулалцсан гишүүд ээ. Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-гаа эргүүлэн тат.

Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү. Тийм учраас би Хулгай гэж хэлнэ.

Хөрөнгө оруулалтыг бодож буй шиг чинь яаран дааран мөнгө төгрөгний босго, оршин суух эрх ямбаар оролдож сэргээхгүй. Төрийн тогтвортой нээлттэй бодлого, авилгагүй засаг, импорт экспортын оновчтой зохицуулалт, шударга шүүх, эрх зүйн найдвартай орчныг бүрдүүлэх гээд жинхэнэ өөрчилж болох эрх уг нь чамд надад байсан. Харамсалтай нь чи, улсынхаа өнгө, хөгжлийг бодсон итгэлийг хөсөрдүүлж, ямар зүйл оруулах гэж буйгаа нэг ч хэлж хэлэлцэлгүй гэтэж мярайж, гэнэт оруулж ирлээ. Тийм ч учраас их хурлаар оруулж ирэхэд чинь миний бие саналаа өгөөгүй. Хэлэлцээд ч хэрэггүйг олон гишүүдэд уриалсан.

Дээлийн хээ, Араар тавилтын хууль санаачилсан гэх мэт хийгээгүй зүйлийнхээ төлөө гөрдүүлж ирэхдээ, Улс орны эрх ашиг хөндөөгүй аар саар асуудал учир тайлбар хийлгүй даваад ирлээ. Харин энэ асуудал бол гүлдийж, дуугүй сууж, эсвэл чиний хийсэн бурууг үүрэлцэж, чамайг утгагүй хамгаалж, өнөөг хүртэл буй болгосон Үнэ цэнээ гишгүүлэх Сэдэв биш.

Нэг талдаа үндэсний язгуур эрх ашиг хөндсөн, нөгөө талдаа итгэл эвдсэн энэ “Хог”- оо хэлэлцүүлэг ч хийлгэлгүй, түмний эе, төрийн нүүр баралгүй Хууль боловсруулагчын хувьд эргэн татвал Монголын ард түмэн болоод итгэл өгсөн хувь хүн би баярлана.

Эцэст нь, надад итгэдэг бүхий л хүмүүст хандаж хариуцлагатай хэлэхэд, хуулийн өөрчлөлттэй холбоотой олны бухимдал дагуулаад буй зүйл заалтанд миний бие огт оролцоогүй, нэг үг, үсэг нэмээгүй гэдгээ чин шударгаар хэлье” гэжээ




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.