Ж.БИЛГҮҮТЭЙ: ЛАТВИ УЛСЫН ИРГЭН МОНГОЛ УЛСААР ДАМЖУУЛАН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДСОН

Moderator
2021/08/16

3 тэрбумын үнэ бүхий хар тамхи, эдийн засгийн гэмт хэрэгтэй холбогдуулан ЭЦА-аас мэдээлэл хийлээ. /2021.08.16/

 “Гаднын хөрөнгө оруулалттай компани Монголд үйл ажиллагаа явуулах гэхээр цагдаагийн байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулж хөрөнгийг нь царцаадаг гэх мэдээлэлд тайлбар өглөө. 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Або плус” компанийн дансаар их хэмжээний валют орж ирсэн мэдээллийн дагуу ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй албанаас 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тухайн компани нь 2018 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй, 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан, Узбекстан, Украйн зэрэг нийт 13 улсаас олон удаагийн давтамжтайгаар 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар буюу нийт 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан. Тухайн мөнгийг оруулж ирсэн даруйдаа 1.7 сая евро, 3 сая ам.доллар буюу 7.8 тэрбум төгрөгийг БНХАУ, БНСУ, Латви зэрэг гадаадын 11 улс руу шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

Энэхүү үйлдлийг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн тухайн компанийн арилжааны банкуудад эзэмшдэг данснаас гадаад улсууд руу шилжүүлэхээр захиалга өгөөд байсан 10 орчим тэрбум төгрөгийг прокурорын зөвшөөрлөөр 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хязгаарлалт хийж тогтоосон бол тус компанийг Латви улсын иргэн үүсгэн байгуулсан бөгөөд тухайн иргэн Монгол Улсаар дамжуулан их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь мөн тогтоогджээ. 

Уг хэрэгтэй холбоотойгоор мөнгөн гүйлгээний эх үүсвэрийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу долоон улс орон руу прокурорын байгууллагаар дамжуулан хүсэлтээ илгээснээс 3 нь хариу ирээд байгааг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын чиглэлийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч, Ж.Билгүүтэй мэдээллээ. 

Он гарсаар эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байна. Гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувиар, холбогдогч 21 хувиар буурсан бол хураан авсан мансууруулах бодисын хэмжээ хоёр дахин өссөн байна.

Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 11-нд Өмнөд Африкаас 989.2 гр мөс хэмээн нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгтэй холбоотойгоор Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай Э нарыг холбогдуулан шалгаж байна. Иргэн Э өмнө нь Хонг Конг улсад хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 10 жил хорих ял эдлээд, 2020 онд суллагдан Монгол Улсад ирсэн бол түүнд өнөөдөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Олон нийтийн сүлжээнд уг хэрэгт холбогдсон эмч мэргэжилтэй мөн хэргийн гол захиалагчийг цагдаагийн байгууллага олж тогтоож чадаагүй байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэж, албан ёсны тайлбар хийлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна