Л.Оюун-Эрдэнэ: 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солино

Moderator
2021/07/03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам-Үүд боомтод ажиллах үеэрээ аймаг, орон нутгийн удирдлагууд болон яам агентлагийн дарга нартай хамтарсан уулзалт хийж, боомттой холбоотой тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэж болох асуудлуудын талаар ярилцлаа.

·      Эрээний боомт дээр гацаад буй Монголын бизнес эрхлэгчдийн захиалгатай барилга, барилгын материал, хүнс, гэр ахуй болон өргөн хэрэглээ бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж,  сэлбэг, багаж хэрэгсэл, бодис, төрөл бүрийн түүвэр ачаа, шуудан, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг хүлээгдэж байгаа барааг татан авах чиглэлд анхаарах,

·      Замын-Үүдэд бөөгнөрсөн тээврийн хэрэгслийг дарааллыг багасгах,

·      Улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах

·      Замын-Үүд өртөөнд Эрээнээс орж ирсэн ачааг автомашинаас вагонд ачиж төмөр замаар тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх

·      Экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулж  Улаанбаатар болон 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулахаар ярилцаж, зарим асуудлуудыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргахаар боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзлаа. Тэд тээвэрлэлт хийх зохицуулалт байхгүй, олон хоног дараалалд зогсох, дамжлага их байгаагаас орлогогүй болж байна гэлээ. Жолооч нарын эрүүл мэндэд анхаарахыг тэд хүслээ.

Ерөнхий сайд тэдний саналыг сонсож, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, тээвэрчдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллана. Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүд боомтод үүсээд буй асуудлууд болон та бүхний тавьсан саналыг хэлэлцэн тодорхой шийдлүүд гарна гэдгийг жолооч нарт хэллээ. Мөн боомтын ажлын хэсгийг шинээр байгуулж, 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна