Э.Бат-Амгалан: Голын эрэг дээр хүнээ гаргасны дараа миний хоёр хөл салгалаад гишгэж чадахгүй байсан

Moderator
2021/06/28

"Цагдаа усанд живж байсан иргэнийг аварлаа" гэх бахархалт мэдээ нийгмийн сүлжээнд тархаж байна. Өнгөрсөн амралтын өдөр болсон энэхүү үйл явдалтай холбогдуулан хүний амь авран хамгаалсан Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын цагдаа, ахлах ахлагч Э.Бат-Амгалантай ярилцлаа. 

-Сайн байна уу. Таныг хүний амь аварсанд баяр хүргэе? 

-Сайн. Сайн байна уу? Баярлалаа. 

-Тухайн мөчид чухам юу болсон талаар бидэнтэй хуваалцахгүй юу? 

-Энэ сарын 26-ны өдөр буюу хагас сайнд ажлаасаа буугаад хүүхдүүдээ салхинд гаргах гээд гэр бүлээрээ найзынхаа зуслан луу явсан. Найзын зуслан "Хар усан тохойн" хавцал дээр байдаг л даа. Өдөр голын эрэг дээр байж байгаад орой 22 цагийн үед гэр лүүгээ буцах гээд байж байсан чинь нэг эмэгтэй "Хүн усанд живж байна" гээд л сандраад л хүрээд ирсэн. Би ч гарт тааралдсан халуун тогооны залгуур бариад л гүйсэн. Очсон нэг хүн урсаад "Хар усан тохиойн" яг цүнхэл рүү нь орох гэж байсан. Эрэг дээр нэг ах уяа барьчихсан байхаар нь уяаг нь бариад шууд л ус руу орсон. Гэтэл хувцастайгаа орчихсон живэх гээд хоёр гурван удаа ус залгиад цаад эрэг дээр гарсан. Цаад талын эрэг дээр гарч ирээд нөгөө уяа барьж байсан ахыг бараг хүчээр шахуу араасаа оруулсан чинь бас урсаад гэдсээр нь олсоор уячихсан болохоор арай гэж эрэг дээр гаргасан.  Живж байгаа хүнээ л хурдан аваръя гэж бодсон. Тэгээд нөгөө ахад олсныхоо үзүүрийг бариулаад нөгөө хүн рүүгээ сэлж очоод голын эрэг дээр гаргаад 105 руу дуудлага өгсөн. 

-Таныг маш хурдтай арга хэмжээ авсан гэсэн?

-Хүнээ л хурдан аваръя гэж бодсон. Минут хүрэхгүй хугацаанд маш хурдтай ажилласан. Голын эрэг дээр хүнээ гаргасны дараа миний хоёр хөл салгалаад гишгэж чадахгүй байсан. 

-Уснаас гаргаад анхны тусламж үзүүлсэн үү? 

-Нэлээн ус залгисан, үг дуугарч чадахгүй, гэдэс нь цэрийсэн байсан болохоор хажуу тийш нь харуулж хэвтүүлээд усыг нь гаргах арга хэмжээ авсан. Ингээд үйл явцаас хойш хоёр цагийн дараа Аврах ангиас хүмүүс ирээд эмнэлэгт хүргэхээр авч явсан. 

Живсэн хүн маань завьтай аялал хийж байсан юм билээ. Ширүүн урсгалтай гол болохоор завь нь модонд тээглээд хөмөрчихсөн. Ингээд нөгөө хүн маань завиндаа даруулаад нуруу хөлөө гэмтээчихсэн. Хөлөө бол ерөөсөө хөдөлгөж чадахгүй байсан. Гараараа л торгоогоод ус залгиад байж байсан. Сүүлд сонсох нь ээ нөгөө хүн маань аврах ангид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм билээ. 

-Амийг нь аварсан хүнтэйгээ холбогдсон уу? 

-Найз нь өчигдөр залгаж талархаж байгаагаа илэрхийлсэн. Найз нь маань чам руу залгаж очиж уулзах байх гээд л их л баяртайгаар ярьсан. Нөгөө хүн маань эмнэлгээс гарсан гэсэн. 

-Урин дулааны улирал эхэлсэн учраас иргэд гол ус их бараадаж байна. Тэдэнд хандаж юу хэлмээр байна?

-Энэ жил хур ихтэй, үертэй байна. Гэтэл иргэд хайхрамжгүй байдлаасаа болж эрсдэлд орох тохиолдлууд ихээр гарч байна. Гол усыг басаж болохгүй. Өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж болгоомжтой байх хэрэгтэй. Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орж болохгүй гээд анхаарал болгоомжтой л  байх хэрэгтэй байна. 

-Бидэнтэй цөөн хором ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье? 

-Танай хамт олонд бас амжилт хүсье. Миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж, мэдээлэл бэлтгэсэнд баярлалаа. Цагдаа хүн бол чимээгүйхэн л ажлаа хийдэг. Үүнийгээ бидний ажил л гэж боддог хүмүүс. Шаардлага гарвал хүний амь насаа үл хайрлахаа батлан тангарагласан Монголынхоо мянган мянган цагдаагийн нэг болон энэ албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж явах сайхан шүү.


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.68.208
    2021/06/30

    ЖИНХЭНЭ БААТАР БНА. ЮУН БАТ-ҮҮЛ

    Хариулах
  • 66.181.161.120
    2021/06/30

    Мундаг

    Хариулах
  • 66.181.161.70
    2021/06/29

    Chimeegvi baatruud

    Хариулах
  • 202.9.46.120
    2021/06/29

    nzda ajliin amjilt hvsie

    Хариулах
  • 203.91.115.55
    2021/06/29

    Нийгмээрээ муулаад байдаг цагдаа л хүний төлөө амиа хайрлахгүй зүтгэнэ дээ, мундаг алба хаагчид амжилт

    Хариулах
  • 202.9.47.57
    2021/06/29

    Хүний өмнөөс амь биеэ хайрлахгүй тэмцэнэ гэдэг маш их эр зориг. Цагдаагийн нэр төрийг өндөрт өргөсөнд баярлалаа.

    Хариулах
  • 202.9.47.57
    2021/06/29

    Амжилт хүсье.

    Хариулах
  • 202.9.47.57
    2021/06/29

    Эрдэнэт хүний амь аврана гэдэг буянтай үйл хийжээ.амьдраль хүнд бэлэглэхээс илүү буян гэж үгүй. Ажилд нь амжилт хүсье. Буян нь дэлгэрч яваг. Цагдаагийн албанд нэг сайн албан хаагч нэмэгдэж, ард түмэн амар тайван байх нь дэ. Монгол цагдаа мандан бадраг. Хурай хурай хурай….

    Хариулах
  • 202.9.47.57
    2021/06/28

    Ёстой сайн хүү байнаа. Ажил нь үргэлж аижилтаар дүүрэн амьдрал нь ямагт аз жаргадтай байг ээ

    Хариулах
  • 202.126.90.57
    2021/06/28

    Хүний амь аварсанд нь баяр хүргэе Ямар мундаг зоригтойн бэ гэж бахархаж байна

    Хариулах
  • 66.181.161.122
    2021/06/28

    Mundag

    Хариулах
  • 66.181.161.98
    2021/06/28

    Он жаваараа бахархаж байна. хийсэн сайн үйл нь эргээд ирэх байхаа

    Хариулах