Д.Сумъяабазар: Нийслэлийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ

Moderator
2021/06/04

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Улаанбаатар хотын өнгө төрхийг сайжруулах, орчин үеийн хот болгох, хоггүй Улаанбаатар болгоход Захирагчийн ажлын албаны харьяа ажилтнуудын үүрэг оролцоо чухал байгааг онцолсон. Цаашид хууль эрх зүйн орчин сайжирвал дагаад хотын эдийн засаг сайжирна гэв. Тиймээс засаглалын хувьд зөв бүтэц хийж, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Тэрбээр “Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал, жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлд өгөхөөр болсон. Цаашид 420 тэрбумаар зогсохгүй урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах боломжтой” гэлээ. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдсан. Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах хэрэгтэй гэв.

Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог хангах шаардлагатай байна гэв. Мөн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин нэмэгдүүлж өгөхийг Хотын даргаас хүслээ. Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн ажлыг хийхэд техник, хэрэгсэл шаардлага хангахгүй байгаа талаар дурдаж байсан юм. Мөн хог хаягдлын тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ч хэлж байлаа. Тиймээс Хотын дарга албан хаагчдын санал хүсэлтийг хүлээж аваад аль болох дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр хот, нийтийн аж ахуйн ажилд зориулж парк шинэчлэлт хийх шаардлагатай байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хотын даргад талархсанаа илэрхийлээд цаашид хотын өнгө төрхийг сайжруулах чиглэлд хичээж ажиллана гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна