ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ОФФШОРОО ОРУУЛААД ИР

Moderator
2021/02/04

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ОФФШОРОО ОРУУЛААД ИР

Хэдхэн сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнээс урьтаж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн тулд өрх бүрт сая төгрөг олгочих гээд сандарч байгаа бололтой. Мэдээж зүгээр л мөнгө хэвлээд тараачхаж болохгүй учраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амны уншлага нь болчих шахсан өнөөх л оффшор дахь хөрөнгийн асуудлыг сөхсөөр байна.

Х.Баттулга 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн цагаасаа эхлэн оффшор бүсээс мөнгө оруулж ирэх тухай ярьсан. Тэр “Улс төрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн оффшорт нуусан 17 сая ам.долларыг Монголд оруулж ирнэ” гэдэг амлалтынхаа ачаар одоо Ерөнхийлөгчийн суудалд заларч байгаа. Тухайн нэр бүхий бүсүүдэд хөрөнгөө байршуулсан Монгол Улсын иргэд хөрөнгөө аваад ир, бид дуугүй сууж байгаад “өршөөл” үзүүлнэ гэж ирээд л хугацаа заасан. Гэвч биеллээ олоогүй. Тухайн “өршөөл”-ийн хугацаа нь дуусгавар болсон.

Гэхдээ л өнөөг хүртэл ярьсаар л байгаа. Одоо бол арга барил нь жаахан өөрчлөгдсөн л дөө. Оффшор бүсээс мөнгө орж ирсэн, түүнийгээ цар тахлын хөлд нэрвэгдэж, эдийн засаг нь хүндэрсэн эх орныхоо иргэдэд тарааж өгөх тухай ярих болсон. Тиймдээ ч “Өрх бүрд нэг сая төгрөг” өгөх тухай тогтоолын төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Мэдээж үүнийгээ мөн л оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр санхүүжүүлэх юм гэнэ.

Харамсалтай нь тэндээс нь мөнгө орж ирээгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байх үедээ хэлсэн. Тодруулбал, “Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой... ...Зөвхөн Төрийн сан төдийгүй Монголд оффшорын гэгдэх мөнгө огтхон орж ирээгүй гэдгийг баталж өглөө. Харин “оффшорын мөнгө” нэрээр Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийг ханш 2012-2016 онд 2 дахин унасан түүх давтагдана. Би төрийн санд “оффшорын мөнгө” орж ирээгүй гэж хэлсэн, харин төсөв мөнгөгүй гэж хэлээгүй..." гэсэн байдаг.

Х.Баттулга анхны амлалтдаа хүрэхгүй бол ахиад Ерөнхийлөгч болно гэдэг угаасаа “гонжийн жоо”. Тэгэхээр сүүлийн үед оффшорын талаар ийн чанга дуугарахаас аргагүй болсон гэсэн үг. Гэтэл гай газар доороос гэгчээр мань Ерөнхийлөгч өөрөө оффшор бүсэд хөрөнгөө нуучихсан гэдэг мэдээлэл өвсөнд тавьсан цурам шиг л газар авсан.

Тэр буюу түүний охин Б.Намуун Сингапур улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг, үлдсэн 50 хувийг түүний бизнесийн хамтрагч, Сингапурын хятад иргэн Билли Лимын хүү Деннис Лим нар эзэмшдэг тухай. Тухайн бүс нь манай улсын хуульд заасан оффшор бүсүүдийн нэг.

Уг нь мань хүн бусдыг оффшороос мөнгөө оруулж ир, тэндээс хөрөнгө орж ирсэн гэх зэргээр олон нийтийн анхаарлыг татахыг хичээх хэрэггүй л байсан болов уу. Харин дөрвөн жил хий ярьж, худал хэлэхийнхээ оронд өөрийнхөө нуусан хөрөнгийг хил давуулаад аваад ирсэн бол монголчууд түүнд улам бүр итгэх байсан биз. Угаасаа монголчууд бид чинь муу нуухаар сайн илчил гэдэг хүмүүс.

Нэгэнт оффшор бүсээс хөрөнгө орж ирсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өрх бүрт сая, саяар нь тараах ч үгүй гэдгийг хууль, дүрэмтэй Монгол Улсын иргэд бүгд мэднэ. Тиймээс эдийн засаг нь хүндэрч эхэлсэн энэ үед иргэдийн тархийг угааж, өөрийгөө дахин Ерөнхийлөгчид өргөмжлүүлэх гэсэн санаагаа одоо больсон нь дээр баймаар юм.

Эсвэл ирэх зургаан жил эрх мэдэлтэй байхын тулд өөртэйгөө холбоотой оффшорыг оруулж ирээд шалгуулахгүйгээр айл бүрт очоод өөрөө тарааж өгөх гээд байгаа юм уу.

Ерөнхийлөгч болсноос тань хойш дөрвөн жил оффшор гэж ярихад чинь хууртсан монголчууд дахиад зургаан жил зурагдсан пянз шиг дуугарахгүй чинь хүсэхгүй байгаа шүү дээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.136
    2021/02/05

    Дэмжинээ Ерөнхийлөгч Баттулгыг

    Хариулах
  • 24.252.135.173
    2021/02/05

    Odoo zailaa Battulhgaa Hudlaa shaahaa boli Chi Anujingiin nevtruulgiin zavsraar hen negniig LUU hudalch gej baisan Uuruu chi Luu hudalch Sta umaa

    Хариулах
  • 103.26.195.23
    2021/02/04

    Угаасаа эхний жилдээ оруулж ирж чадахгүй бол өөрөө саналаа өгөөд огцорно гэчхээд огцрохгүй дахих гээд балайраад үлгэр яриад яваад бгаа шүү дээ. Огцрох болзолоо бол аль хэдийн хангасан.

    Хариулах