News Paparazzi: Дээд шүүх Н.Энхбаярын гомдлыг хэлэлцлээ

Moderator
2021/01/25

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу  2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 8/1921 дугаар, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 8/1967 дугаар лавлагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар лавлагаа олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.  

Сануулахад, 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшихээр материалаа хүргүүлсэн Н.Энхбаярыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Түүнийг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн гэсэн цагдаагийн байгууллагын тодорхойлолтын дагуу нэр дэвшигчээр бүртгээгүй. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр авлига, албан тушаалын хэргээр ял эдлээгүй хэмээн шүүхэд хандаад байгаа юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 24.252.135.173
    2021/01/26

    Enkhbayar dahij hezeech sehehgui bolson Uuruu uuriiguu bulsdhalsandaa huurhii

    Хариулах