News paparazzi: ​"Сайн найзууд" гэгдэх Ш.Батхүү, Г.Алтан нарт ял оноож дөнгөх үү?

Moderator
2020/10/06

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жаст”-ын Ш.Батхүү нарын 6 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр буюу 2020.10.05-ны өдөр эхэллээ.

Өчигдрийн хувьд  шүүх хуралдаан оройн 21:00 цаг хүртэл үргэлжилж 6 шүүгдэгчид яллах дүгнэлтийг  сонсгосноор өндөрлөсөн бөгөөд өнөөдөр хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хэлэлцсэнээс хойш 2 удаа хойшилж өчигдөр ийнхүү хэлэлцэж эхлээд байна.

“Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан  Өмнөд Африкийн  “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

ТЭДНИЙГ ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР БУРУУТГАЖ БАЙГАА ВЭ?

“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа юм. Тухайлбал, Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйврын улмаас Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон хэрэг, Мөн Эдуард Сүрэн болон Г.Алтантай нийлэн үйлдсэн гэх залилангийн хэрэг зэрэг, "Мах Маркет ХХК”, “Жаст Ойл ХХК”, “Олон овоо ХХК”-ийн хувьцаа, “Жаст групп ХХК”-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн, “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан зэрэг залилан, луйврын хэрэг үйлджээ.

Эдгээр үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас дараах байдлаар яллахаар дүгнэлт үйлдсэн  юм. Тодруулбал,

•Ш.Батхүү нь Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг Зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, төлбөр төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 зүйл ангиар,

•Ш.Батхүү нь О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амраа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Жаст групп” ХХК-иас Хадгаламж банк /одоогийн Төрийн банк/-тай Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл ангиар,

•Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлээр Ш.Батхүү нь “Олон овоот гоулд” ХХК-ийн зээлийн төлбөрт Хадгаламж банк /одоогийн Төрийн банк/-наас төлбөр гаргах, тус банкийг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 21.1.1 зүйл ангиар,

•Эдуард Сүрэн нь Г.Алтан, Ш.Батхүү нартай үгсэн тохиролцож, бүлэглэн Хадгаламж банк /одоогийн Төрийн банк/-ийг Зээлийн батлан даагчаар оролцуулж зээлийн төлбөрийг төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3.2.2.1 зүйл ангиар,

•Ш.Батхүүгийн зүгээс “Мах Маркет ХХК”, “Жаст Ойл ХХК”, “Олон овоо ХХК”-ийн хувьцаа болон “Жаст групп ХХК”-ийн өмчлөлийн 12 орон сууц, үл хөдлөх хөрөнгийг бэлэглэл болон худалдах гэрээгээр дамжуулан шилжүүлж өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6.2.2 дугаар зүйл ангиар,

•Ш.Батхүү нь “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 дүгээр зүйл ангиар,

•Ш.Батхүү нь баримт бичиг хуурамчаар үйлдсэн, Эрдэнэт үйлдвэрт ноцтой хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2.2 зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.

Яллагдагч Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдуулан   2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг / нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх/ , 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг / залилах/ гэмт хэрэгт яллах  дүгнэлт тус тус үйлдээд байгаа юм.

Найздаа туслах нэрийдлээр их хэмжээний ашиг хонжоо харж, улсыг хохироосон хэрэгт   Г.Алтан, хүү Э.Сүрэн, "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан ч эргэж төлөлгүй олон улсын арбитрын шүүхэд унаж, өрөө Монгол Улсын Засгийн газраар төлүүлсэн Ш.Батхүү нарт ял оноож, хариуцлага тооцох эсэхийг  харах л үлдлээ.


Эх сурвалж: Zuv.mn


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.