News paparazzi: ​Цахим орчин дахь мэдээллийг хянах нь зөв үү?

Moderator
2020/09/29

Цагдаагийн байгууллагад Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгуулагдсан нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.  Энэ талаар хотын  дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Энэ бол ОХУ, БНХАУ-ын алдааг Монгол Улс давтаж буй маш ноцтой үйл ажиллагаа. Эрх баригчид наанаа худал мэдээлэлтэй тэмцэнэ гэсэн маш гоё хөшигтэйгөөр цахим орчинд иргэдийнхээ үзэл бодол, байр суурийг хянах  гэж байна.

Цаашлаад өөрсдийг нь шүүмжилбэл хэрэг тохож, амыг нь барих оролдлогоо хийж байна. Энэ нь үндэсний эрх ашиг,  нийгмийн эрх ашиг, нийгмийн язгуур эрх ашгийн нэрийн өмнөөс хувь хүний чөлөөт сэтгэлгээнд халдаж байгаатай агаар нэг. Уг нь бол үндэсний эрх ашиг гэдэг нь өөрөө монгол хүний эрх, эрх чөлөө юм. Гэтэл энэ эрх ашгийн цаана монгол иргэний биш эрх мэдэлтний эрх ашгийг хамгаалдаг ийм л байдал үүсчихсэн.

Энэ асуудал улам даамжирч байна. Одоо иргэд маань ямар нэг эрх мэдэлтнийг шүүмжлэх ч аргагүй болж байна. Үзэл бодлоо илэрхийлэхээр үндэсний эрх ашигт аюул занал учрууллаа гэж хуулийн байгууллага нь эрх мэдэлтнээ хамгаалж, эрүүгийн хэрэг тохох юм байна. Өөрөөр хэлбэл,  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,  УИХ-ын үйл ажиллагааг шүүмжлэхээр үндэсний эрх ашигт заналхийлсэн гээд мушгин гуйвуулж, нугалж эхлэх ийм л айдастай, ардчилсан бус нийгэм бий болох гээд байна. Дарангуйлал тогтоход ойрхон боллоо” гэжээ.

Эрүүгийн хуульд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь хаана мэдээлэл тарааснаас үл хамаарч үйлчилдэг. Тодруулбал, цахим орчин дахь мэдээлэл нь “худал мэдээлэл”-ийг “олон нийтэд тараасан” гэдэгт хамаарахаар байгаа.  Энэ гэмт хэргийг шинээр нэмж оруулахдаа хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зорилготой байсан гэж  ойлгогдож байв.

 Угтаа Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн хүрээнд шийдвэрлэж болох асуудлыг эрүүгийн хэрэг рүү оруулсан нь ноцтой асуудал.  Гатэл  иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага эсэхээс үл хамааран бүгдийг "худал мэдээлэл тараасан"  гэдгээр  шалгахаар болсон нь  олон нийтийн санааг зовоож байна.


Эх сурвалж: Zuv.mn


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.164
    2020/10/06

    Комент бичлэгээ хянаж бичиж байгаарай даа хүмүүс ээ

    Хариулах
  • 66.181.161.54
    2020/09/30

    Аль эрт дарангууль тогтчихоод байгаа юм бишүү хэнч үзэл бодлоо илэрхийлж болохгүй байгаа жишээ нь хятадыг муулвал хуулийн хариуцлга хүлээлгэнэ гэж зандан шатар мэдэгдсэн шүү дээ

    Хариулах